Катар Улсын Үндэсний музей нүүдэлчдийн үүх түүх, өнөөгийн байдлыг харуулсан томоохон үзэсгэлэнг ирэх аравдугаар сард гаргахаар зэхэж байгаа аж. Нүүдэлчдийн өлгий, одоо ч энэ хэв маягаар амьдардаг Монгол Улс, Сахарын цөл орчмын болон Ойрхи Дорнодын арабуудын аж байдал, амьдралын онцлогийг илтгэх уг үзэсгэлэнд манай улсын Үндэсний музей болон Уран зургийн галерейнхан оролцохоор бэлтгэж буй юм байна. Үндэсний музейгээс монголчуудын түүх, соёл, аж байдлыг таниулах үүднээс монгол гэр, ахуйн хэрэглэл, адуу, малын тоног, монголчуудын хувцас, гоёл, чимэг зэргээс бүрдсэн үзмэрүүдийг тус улсад аваачих аж. Уран зургийн галерейн зүгээс мөн л монгол ахуй, соёлын өвөрмөц байдлыг тусгасан бүтээл дөрвийг илгээх гэнэ.