Энэтхэгийн Ченнай хотод өнөөдөр өндөрлөсөн олимпиадын эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр ширээнд манай тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Бат-Эрдэнийн Мөнгөнзул манай улсаас анх удаа олимпиадын аварга болж, Монголын шатрын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээв. Монгол хүн оюуны спортын олимпоос аварга болж чаддаг гэдгийг харуулсан сайхан үйл явдал боллоо.
17 настай түүний хувьд Ченнайд 10 өрөг тоглосноос 8 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтой 8.5 оноотойгоор дэлхийн 162 орны шилдгүүдийн дундаас ширээндээ тэргүүлсэн юм. Б.Мөнгөнзул аварга болоод зогсохгүй эмэгтэй их мастерын 1 норм биелүүлснээс гадна дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангав.