Сүүлийн 80 жилд тохиолдож байгаагүй хүчтэй аадар бороо БНСУ-ын нийслэл Сөүл хот болон ойр орчмын бүс нутгийг дайран орсны улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй болж, машин, барилга байгууламж, метроны буудлууд усанд автсан тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. Нэг цагт 141.5 мм-ээс давсан хур тунадас орсон нь үер бууж, хөрсний гулгалт болоход хүргэжээ. Сөүлд 107 өрхийн 163 хүн орон гэргүй болж, сургууль болон бусад олон нийтийн байгууламжид хоргодсон байна. Амиа алдсан хүмүүс байрныхаа доод хонгилд усанд живж, худгийн нүхэнд унаж, цахилгаанд цохиулж, замын хажуугийн мод унах, автобусны буудал нурахад даруулж, хөрсний гулгалтад өртсөн байв.
Мөн борооны улмаас олон нийтийн газрууд ажиллахгүй болж, Сөүл, Инчон болон бусад газарт төмөр зам үерт автсан найман тохиолдол бүртгэгдэж, метроны шугамын зарим хэсэг үйлчилгээгээ түр хугацаагаар зогсоожээ. Аюулгүй байдлын үүднээс тус улсын авто замын 80 орчим хэсэг, газар доорх гурван зам, голын эргийн ойролцоох автомашины 26 зогсоолыг хаагаад байна. Тэрчлэн Сөүлийн хойд захад орших Бухан уул зэрэг үндэсний уулын дөрвөн цэцэрлэгт хүрээлэнгийн явган аяллын 134 замд хориг тавьжээ. Зорчигч тээврийн 19 гаталга онгоц мөн үйлчилгээнд гараагүй байна.
Тэгвэл сацуу Европт хэт халсны улмаас гол мөрөн ширгэж, тариалангийн талбай хатаж байна. Нидерландын Рейн мөрний салбар болох Ваал голын түвшин Ниймеген хотын хэсэгт эрс буурчээ. Энэ гол нь Роттердам, Герман хоёрын хооронд бараа, зорчигч тээвэрлэх гол усан зам юм. Голын ус татарсны улмаас ёроолд нь живсэн байсан унадаг дугуй, машины дугуй болон бусад хог хаягдал ил болжээ. Түүнчлэн халууны улмаас Маас, Ваал голын зарим хэсэгт хорт замаг цэцэглэж буй тул нутгийн иргэдийг усанд сэлэхгүй, нохойгоо усанд оруулахгүй байхыг зөвлөсөн аж.
Испанийн өмнөд нутгийн Андалуси нь Европын хөдөө аж ахуйн гол бүс нутгийн нэг бөгөөд хуурайшилтын улмаас чидун жимс, авокадогийн талбайн байдал хүндэрсэн гэнэ. Тус улсын хамгийн урт голуудын нэг болох Гвадалкивирийн сав газрын усан сангуудын түвшин дөрөвний нэг хүртлээ буурснаас ургац багасан, үнэ өсөх хандлагатай болжээ.
Италийн хойд нутгийн По гол ширгэснээр дэлхийн II дайны үеийн дэлбэрээгүй бөмбөг ил болсныг сапёрчид аюулгүй болгосон гэнэ.
Франц улс халуунаас ашиг “унагаж” байна. Тус улсын баруун нутгийн Ле Пулиген хотынхон сүүлийн 10 жилд хужраас дунджаар 1.3 тонн орчим ургац авсан бол энэ онд уг үзүүлэлт 2.5 тоннд хүрчээ. Өндөр чанарын “Fleur de Sel” далайн давс нь дэлхий даяар алдартай аж. Гэтэл фермерүүд халуунд үхрээ илүү олон удаа услахаас өөр аргагүй болж, Альпын нуруунд аялагчид усан тээвэр зогссоны улмаас шатахууны зардал их төлөхөд хүрчээ. Словенийн ургац ган гачигт нэрвэгдэж, Рогоса хотод эрдэнэ шишийн талбай хатаж, ургац нь хэвийн хэмжээнээс хоёр дахин бага байх төлөвтэй нь тэжээлийн хомсдолд ороод буй мал аж ахуй эрхлэгчдэд хүнд цохилт болж байна. Сүүлийн долоо хоногуудад агаарын температур дээд хэмжээнд хүрч буй Британид өнгөрсөн сар сүүлийн 80 гаруй жилийн хамгийн хуурай сараар бүртгэгджээ. Тус улсад цэцэрлэгт хүрээлэн, зүлэг, талбайд гал гарахаас сэрэмжлүүлж, зарим газарт усны хомсдолын улмаас анх удаа усалгааг хориглосон байна. Сайренстер хотын ойролцоох Темза мөрний хэсэг ширгэсэн нь түүхэнд анх удаагийнх болжээ.