Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ цэвэрлэх байгууламж барьж буй билээ. БНХАУ-ын Засгийн газраас манайд олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд уг бүтээн байгуулалтыг хийж байгаа. Үүний хүрээнд нийт 35 барилга байгууламж барьж, инженерийн дэд бүтэц бий болгох гэнэ. Одоогоор томоохон 17 байгууламжийн барилга угсралтын ажлын явц 43 хувьд хүрчээ. Дотоодын 17 компанийн 400-650 ажилтан, БНХАУ-ын 60 инженер, техникийн ажилтан барилга угсралтад оролцож буй юм байна. Энэ онд ажлын явцыг 85 хувьд хүргэх зорилготой гэдгээ гүйцэтгэгчид өчигдөр Барилга, хот байгуулалтын сайдад танилцуулжээ. Барилга угсралтын ажлыг дуусгасны дараа 1.6 жилийн хугацаанд туршилт, тохируулга хийх бөгөөд 2024 онд байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 000 шоо метр хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай байх нь. Энэ нь нийслэлийн одоогийн Төв цэвэрлэх байгууламжаас 50 000 гаруй шоо метрээр илүү хүчин чадалтай гэсэн үг юм.