“Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өчигдөр ам.долларыг 3190 төгрөгөөр авч, 3200-гаар борлуулж байлаа. Ийнхүү “ногоон”-ы ханш сар гаруйн өмнөхөөс 50 орчим төгрөгөөр чангарав. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сарын 28- нд тус төвийн ченжүүд ам.долларыг 3157 төгрөгөөр борлуулж байжээ. Монголбанкнаас зарласан албан ханшаар ам.доллар өчигдөр 3179.36 төгрөгтэй дүйж байлаа. Тэгвэл зургаан сарын өмнө дээрх банкнаас зарласан ханшаар “ногоон” 2852.77 төгрөгтэй тэнцэж байсан юм. Сүүлийн зургаан сарын хугацаанд ам.долларын ханш 325 төгрөгөөр чангарсан нь энэ. Өөрөөр хэлбэл, 13 орчим хувиар өссөн гэсэн үг. Монголбанкнаас ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд интервенц хийсээр байна. Тус банк сүүлийн гурван сард нийт 1.33 тэрбум “ногоон”-ы интервенц хийжээ. Манай улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн зургадугаар сарын эцсийн байдлаар 3.09 тэрбум ам.доллартой дүйв. Гадаад валютын нөөц өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 4.89 тэрбум ам.долларт хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байлаа. Үүнээс хойш Монголбанк төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх, валютын ханшийг тогтворжуулах зорилгоор валютын нөөцийг 1.8 тэрбум “ногоон”-оор дундалжээ.