Египет улс зуучилснаар Израил болон Палестины “Исламын жихад” хөдөлгөөн гал зогсоохоор тохиролцжээ. Гэхдээ гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш хэдхэн минутын дараа Израил руу пуужин тухай “Jerusalem post” сонин мэдээлэв. Газын зурваст Израилаас цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойших гурав дахь өдөр буюу өнгөрсөн ням гарагт Палестины 40 гаруй иргэн амиа алдаж, 300 орчим нь шархадсан байна. Израилын тал Газын зурвасын хүн амын эсрэг бус, террористуудын эсрэг дайн хийж буйгаа онцолжээ. Мөн хугацаанд террористууд Израилын нутаг дэвсгэр лүү 950 орчим пуужин харвасан гэнэ. Газын зурвасыг хянадаг Палестины ХАМАС хөдөлгөөн эл сөргөлдөөнд оролцоогүй байна.
Израил өнгөрсөн долоо хоногийн баасан гаргийн үдээс хойш “Үүрийн гэгээ” ажиллагааг эхлүүлж, Газын зурвасын хойд хэсэгт орших “Аль-Кудс” бригадын (“Исламын жихад” хөдөлгөөний жигүүр) командлагчдын нэг Тайсир аль-Жабарийг пуужингийн цохилтоор устгажээ. Уг ажиллагааны хоёр дахь өдөр Газын зурвасын өмнөд фронтыг хариуцдаг “Аль-Кудс” бригадын командлагч Халед Мансурыг устгасан гэнэ. Израилын Батлан хамгаалах хүчний мэдээлснээр гурван өдрийн хугацаанд “Исламын жихад”-ын 100 гаруй бай, тэдгээрийн дотор зэвсгийн агуулах, пуужин харвах талбай зэрэг тус хөдөлгөөний цэргийн дэд бүтцэд цохилт өгсөн байна. Тэрчлэн Израилын нутаг дэвсгэр лүү босогчдыг нэвтрүүлэхэд ашиглаж байсан хонгил замыг устгажээ. Израилын Ерөнхий сайд Яир Лапид өнгөрсөн ням гаргийн орой тус улсын өмнөд нутгийн хотуудын захирагч нартай уулзахдаа зорилгодоо хүрснийг мэдэгдсэн байна. Газын зурваст цохилт өгсний сацуу Израил Йордан голын Баруун эрэгт “Исламын жихад” хөдөлгөөний хэдэн арван гишүүнийг баривчилжээ. Энэ нь Израилд болсон, 20 хүний аминд хүрсэн террорист халдлагын дараа дөрөвдүгээр сард эхэлсэн Баруун эрэг дэх палестинчуудыг баривчлах зорилгоор тус улсаас явуулсан тусгай ажиллагааны үргэлжлэл байв. Баривчилгааны үеэр израилчууд “Исламын жихад” хөдөлгөөний удирдагчдын нэг Бассама аль-Саадийг Женин хотод баривчилжээ. Түүнийг болон өөр нэг өндөр албан тушаалтныг суллах нь тус хөдөлгөөнөөс гал зогсооход тавьсан нэг болзол байсан аж.