БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчиллаа. Мөнхийн хөрш, улс төр хийгээд эдийн засгийн нягт хамтын ажиллагаатай БНХАУ-ын Гадаад хэргийн сайд бол чухал зочин юм. Өмнөд хөршийн төрийн өндөр албан тушаалтан манай улсад айлчлах бүрт томоохон шийдвэр гаргана гэсэн хүлээлт үүсдэг. Энэ л жишгээр Ван Игийн айлчлалаас томоохон шийдвэр гаргах болов уу гэсэн хүлээлт олон нийтийн дунд давамгайлав. Гадаад хэргийн сайдын түвшний айлчлалаас өндөр үр дүн хүлээх нь зүйн хэрэг. Дэлхийд дэг журам тогтоох хэмжээний том тоглогч болсон их гүрний Гадаад хэргийн сайдын айлчлал олон улсын анхаарлын төвд байх нь гарцаагүй. Ялангуяа Тайванийн тусгаар тогтнох оролдлогоос үүдэж АНУ, БНХАУ-ын харилцаа ээдрээтэй байдалд орсон энэ үед илүүтэй анхаарал татаж буй нь дамжиггүй.
Аливаа хоёр улсын харилцаа эхлээд улс төрийн шийдвэрт хүрч, харилцан тохиролцсоны үндсэн дээр дараагийн хамтын ажиллагаагаа хөгжүүлдэг “жамтай”. БНХАУ, Монгол Улсын харилцаа ч ийм л зарчмын дагуу өрнөдөг. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар айлчлалын үр дүнгийн талаар албан мэдэгдэл хийсэн. Энэ үеэр Ван И “Талууд уулзалтын үеэр бие биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон. Мөн хоёр улс бие биеийнхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, Хятадын талаас Монголын улс төрийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын талаас “Нэг Хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орон Тайвань, Шинжаан, Төвөд, Хонконгтой холбоотой Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж, талархал илэрхийлж байна” гэж онцлон тэмдэглэв. Манай талаас “Нэг Хятад” бодлогыг нь дэмжиж буйгаа илэрхийлж “толгой дохисон” нь ийн ил болов. Олон улсын харилцаанд нөлөөлөх, Хятадын талд ашигтай байх өөр ямар шийдвэрийг нь дэмжихээ амласан нь тодорхойгүй үлдэв. Хоёр улсын харилцааны зарим шийдвэр, тохиролцоог хөшигний ард үлдээдэг дэг ёс бий.
Ван И манай талаас тавьж буй эдийн засгийн хөгжилд тустай олон шийдэлд зөвшөөрсөн хариу өгчээ. Мөн өөр саналуудад ч нааштай хариу барив. Хятадын талаас Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээ илэрхийлжээ. Уг УЦС-ыг барих төслийг Хятадын “Эксим” банкны 288.5 сая ам.долларын санхүүжилтээр, түлхүүр гардуулах нөхцөлтэй хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцсон. Гэвч Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн Засаг дарга БНХАУ-ын дарга Си Зиньпинд УЦС барихыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн захидал бичсэнээр энэ ажил удаашраад байсан юм. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумд, Ховд гол дээр 90 МВт-ын хүчин чадал бүхий УЦС барьснаар баруун гурван аймаг ОХУ-аас эрчим хүчний хараат байдлаас гарах юм. Үүгээр зогсохгүй эрчим хүч хямд үнээр хэрэглэх нөхцөл бүрдэнэ.
Хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг жилд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2021 онд тавьсан. Энэ зорилт биелснийг айлчлалын үеэр хоёр сайд тэмдэглэж, цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцжээ. Манай улс өмнөд хөршөөс бараа, бүтээгдэхүүн худалдан авах нь чөлөөтэй байдаг. Харин манай талаас бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх боломж хязгаарлагдмал байгаа. Тиймээс гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд манайх экспортын хэмжээгээ өсгөх бодлого баримтлах шаардлагатай. Үүний тулд урд хөршид экспортлох бараа, бүтээгдэхүүнийхээ нэр, төрлийг олшруулж, хэмжээг нь нэмэгдүүлэх шаардлага бидэнд бий.
Гашуунсухайт-Ганцмодны боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцох санамж бичиг байгуулав. Монгол Улс Тавантолгойн ордоос Гашуунсухайт хүртэл төмөр зам тавьж, туршилтын тээвэр хийж буй. Эл төмөр замыг боомтын төмөр замтай холбож байж “ид шид”-ийг нь үзнэ. Тодруулбал, Тавантолгойн ордоос нүүрс ачсан галт тэрэг хил нэвтэрч, Хятадын талд буулгах нөхцөл бүрдэх юм. Боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлээгүй байгаа. Хоёр тал зураг төсөл, техникийн нөхцөлөө тохирч буй гэсэн мэдээллийг эх сурвалж дуулгаж байна. Хятадын өндөр дээд албан тушаалтан үүрэг өгвөл энэ ажлыг шуурхай хэрэгжүүлэх нь дамжиггүй. Төмөр замыг ашиглалтад оруулснаар манай улс жилд 40 орчим сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай болно. Тиймээс Хятадын Засгийн газраас нүүрс нийлүүлэх квот авах хэрэгтэй гэж экспортлогчид үздэг. Энэ саналаа Засгийн газарт хүргүүлж, тэд Хятадын удирдлагад дуулгасан. Ван Игийн энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр тал урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах тохиролцоонд хүрчээ. Эл гэрээний амин сүнс нь жилд нийлүүлэх нүүрснийхээ хэмжээг өндөр дүнгээр тогтоох явдал байх болно.
Үүнээс гадна манай талаас Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбох ажлыг эхлүүлэх санал гаргав. Ван И энэ саналыг анхааралдаа авч, улсынхаа холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох амлалт өгчээ. Манай улс өмнөд хөрш рүү төмрийн хүдэр болон эрчим хүчний нүүрс экспортлох зорилгоор Зүүнбаянгаас Ханги хүртэл төмөр зам тавих төсөл эхлүүлсэн. Төмөр замыг шуурхай барьж ашиглалтад оруулахаар төсөл хэрэгжүүлэгч компани ажиллаж буй. Хэрэв боомтын төмөр зам барих ажил удааширвал энэ төслөөс өгөөж хүртэх хугацаа хойшлох юм. Манай талаас өмнөд хөршийнхнийг боомтын төмөр зам барих шийдвэрийг яаралтай гаргуулахаар “шахаж” ажиллах нь зөв.
Түүнчлэн БНХАУ-ын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээний боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэх, хилийн боомтуудын хүчин чадлыг өсгөх, боомтуудыг дэлхийн стандартад нийцүүлэх асуудлыг ярилцжээ. Далайн боомтуудаас манай улсыг зорих гал тэрэгний тоог нэмэгдүүлэх шаардлага нэгэнт үүссэн. Тяньжин боомтод хуралдсан чингэлгийн тооноос үүнийг харах бүрэн боломжтой. Далайн боомтоос манайхыг зорих гал тэрэгний тоог нэмбэл Замын-Үүд-Эрээний боомтыг өргөтгөх шаардлага тулгарна. Одоо ч уг боомтын хүчин чадал хүрэлцэхээ больсон. Замын-Үүд-Эрээний боомтоор өдөрт 12 хос галт тэрэг нэвтрүүлдэг. Үүнийг өдөрт 15 хос галт тэрэг нэвтрүүлдэг болгох шаардлагатай гэж манай талаас удаа дараа санал тавьсаар буй. Эл боомтыг өргөтгөчихвөл манай нутаг дэвсгэрээр дамжих транзит тээврийн хэмжээ ч нэмэгдэж, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орлого өснө.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын “толгой дохисон” шийдлүүдийг тоймлоход ийм байна. Эдгээр нь манай улсын зүгээс экспортын хэмжээгээ өсгөх, транзит тээвэр хөгжүүлэх, худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх талаар өмнөд хөршид сүүлийн жилүүдэд тавьж буй санал юм. Тэгэхээр Ван Игийн айлчлалыг эдийн засгийн ач холбогдол өндөртэй боллоо гэж дүгнэж болох нь.