Нидерландад цэвэр усны бодит хомсдол үүссэнтэй холбогдуулан усны нөөцийн менежментийг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах тусгай бүлэгт шилжүүлснээ Дэд бүтэц, усны нөөцийн удирдлагын сайд Марк Харберс парламентдаа илгээсэн захидалдаа дурдав. “Ган гачиг үргэлжилсээр буй нь улсын хэрэгцээг гол мөрөн, бороо хураар дамжин ордог усны хэмжээнээс давахад хүргэж байна. Ийм байдал тодорхой хугацааны турш үргэлжлэх бөгөөд ойрын үед цэвэр ус хуваарилах талаар шинэ арга хэмжээ авч магадгүй” гэж тэрбээр онцолжээ.
Усны хомсдол үүсэх аюулын эхний түвшнийг өнгөрсөн сарын 13-нд тус улсад зарласан аж. Одоо аюулыг хоёрдугаар түвшинд шилжүүлсэн нь усны бодитой хомсдол үүссэн гэсэн үг. Үүнтэй төстэй нөхцөл байдал хамгийн сүүлд 2003, 2006, 2011, 2018 онд бий болж байжээ. Мөн 2003 онд нөхцөл байдал гурав буюу үндэсний хямралын аюулыг илтгэсэн хамгийн дээд түвшинд хүрсэн аж.
Тус улсад усны нөөцийн хуваарилалтыг бүс нутаг, усны менежментийн зөвлөл болон бусад холбогдох байгууллага хариуцдаг. Гэсэн ч ус үнэхээр хомсдох үед энэ ажлыг тусгай мэргэжилтнүүдийн бүлэгт шилжүүлдэг. Энэ бүлэгт зөвхөн усан хангамжийн байгууллагууд төдийгүй улсын эрх баригчид нь багтдаг бөгөөд тэд улс орноо бүхэлд нь хамарсан шийдвэр гаргадаг.
Үүнээс өмнө усны менежментийн зарим зөвлөлөөс усалгааг хориглох, давтамжийг хязгаарлах зэрэг хэд хэдэн арга хэмжээг авчээ. “Усны хомсдол дотоодын усан тээвэр, хөдөө аж ахуйд хэдийн сөргөөр нөлөөлж байна. Ган гачгийн давтамж улам бүр нэмэгдэж буй. Ундны усыг хүн болгонд хүртээмжтэй байлгахын сацуу иргэн бүр нөөц баялгаа хамгаалахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Үүний тулд нидерландчуудаас машинаа угаах, эсвэл хийлдэг усан сан дүүргэх хэрэгтэй юү гэдгээ ахин дахин бодохыг хүсэж байна” гэж сайд Марк Харберс хэлжээ.