“Манай улс нүүрсний эдийн засагтай” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн удаатай. Монгол Улсын эдийн засаг үнэхээр нүүрснээс гүн хамааралтай болжээ. Олон улсын зах зээлд уг бүтээгдэхүүний үнэ хямдарвал манай орны эдийн засгийн өсөлт удааширдаг. Бүр цаашлаад хямрах нь бий. Мөн нүүрсний экспорт буурвал энэ байдал давтагдана. Экспорт нэмэгдэж, үнэ өсвөл гадаад худалдааны ашиг ихсэн, эдийн засаг өндөр дүнгээр тэлдэг. Цар тахал эрчимтэй тархаж байсан үед БНХАУ хилийн боомтуудаа хаасан. Түүнчлэн хилийн боомтоор Монголын талаас нэвтрүүлэх автомашины тоонд хязгаар тавьж байлаа. Тухайлбал, манай улсын нүүрс гаргадаг гол боомт Гашуунсухайтаар нэвтрүүлэх автомашины тоог 100-гаар хязгаарлаж байв.
Өмнөд хөршийн талаас хилийн боомтын ойролцоо “Ковид-19”-ийн тохиолдол бүртгэгдэхгүй тодорхой хугацаа өнгөрвөл нэвтрүүлэх автомашины тоог нэмэгдүүлж ирсэн. Цар тахлын тархалт намжихын хэрээр Гашуунсухайт-Ганцмодны боомтоор хил нэвтрүүлэх автомашины тоог өсгөв. Үүнээс гадна Шивээхүрэн-Сэхэ боомтын үйл ажиллагааг Хятадын талаас эхлүүлэв. Ярантын боомтоор Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн ордоос хоёр уурхай нүүрс экспортолж байгаа. Мөн Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээний боомтоор нүүрс гаргаж буй.
Эдгээр боомтоор өдгөө өдөрт дунджаар 700-800 автомашин нүүрс экспортолж байна. Цар тахал дэгдэхээс өмнө хилийн боомтуудаар өдөрт 1500 автомашин нүүрс хил давуулж байсан удаатай. Үүнтэй харьцуулахад хоёр дахин цөөн гэсэн үг юм. Гэвч энэ оны эхэнд 100 автомашин нүүрс гаргаж байсантай харьцуулшгүй өндөр түвшинд хүрлээ.
Сүүлийн үеийн статистик мэдээллээс нүүрсний экспорт нэмэгдэх төлөв харагдаж байна. Мэдээжийн хэрэг цар тахлын тархалт үүнд нөлөөлж болзошгүй нэг том эрсдэл нь. Хэрэв өмнөд хилийн бүсэд, эсвэл нүүрс тээвэрлэж буй автомашины жолоочоос “Ковид-19” илэрвэл хятадууд хилээ хаах, эсвэл нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоог цөөлөх арга хэмжээ авах нь дамжиггүй. Коронавирус илрэхгүй энэ хэвээр байвал нүүрсний экспортын биет хэмжээ өсөх нь ойлгомжтой. Экспортын орлого ч дагаад нэмэгдэнэ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхны мэдээлснээр энэ он гарснаас хойш өнгөрсөн сарын 28-ныг хүртэл 10 780 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 583.8 мянган тонн буюу 5.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Цар тахлын хязгаарлалтын дэглэмтэй байсан үеийнхтэй харьцуулахад нүүрсний экспортын биет хэмжээ хагас сая тонноор өссөн байна. Энэ оны эхний хагас жилд хилийн боомтоор нүүрс нэвтрүүлэх хязгаарлалт хатуу байсан. Өөрөөр хэлбэл, цөөн тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байлаа. Тэгвэл оны сүүлийн хагасаас тээврийн олон хэрэгсэл нэвтрүүлж байна. Тиймээс оны эцэс гэхэд өмнөх жилийнхээс үлэмж илүүг экспортолж чадна гэсэн төсөөлөл буув.
Өнгөрсөн онд манай улс өмнөд хөршид 15.7 сая тонн нүүрс нийлүүлсэн. Тэгвэл үлдсэн таван сарын хугацаанд 10 гаруй сая тонныг борлуулах чадамж бий. Тэгэхээр энэ онд манай улс БНХАУ-д 20 гаруй тонн нүүрс борлуулах боломжтой юм. Өмнөд хилийн бүсэд “Ковид-19”-ийн тохиолдол илрэхгүй, нүүрсний экспорт хэвийн үргэлжилсээр байвал экспортын хэмжээ 25 сая тоннд хүрнэ гэж таамаглая. Манай улс 2016 онд өмнөд хөршид 25 сая тонн нүүрс нийлүүлж байжээ.
Монгол Улс 2017 онд 33.4 сая тонн нүүрс экспортолж, 2.26 тэрбум ам.долларын орлого олсон. Тэгвэл 2018 онд 36.2 сая тонныг экспортолж, 2.8 тэрбум ам.долларын ашиг төвлөрүүлсэн юм. 2019 онд 36.6 сая тонныг гаргаж, 3.07 тэрбум “ногоон” оруулав. 2020 онд 28.6 сая тонн нүүрс өмнөд хөршид нийлүүлж, 2.1 тэрбум ам.долларын орлого олжээ. Манай улс нүүрсний экспортоос гурван тэрбум ам.долларын орлого төвлөрүүлсэн нь түүхэн дээд үзүүлэлт аж. Тэгвэл энэ оны эхний хагас жилд 8.08 сая тонн нүүрс экспортолж, 2.35 тэрбум ам.долларын орлого орууллаа. 2017 оныхоос биет хэмжээгээр дөрөв дахин бага нүүрс экспортолсон ч илүү орлого олжээ.
Тэгэхээр нүүрсний үнэ 2017 оныхоос дөрөв дахин өндөр байна гэсэн үг. Энэ жил 25 сая тонн нүүрс олборлож чадвал 5-6 тэрбум ам.долларын орлого олох нь. Ийм хэмжээний орлого олбол эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх нь дамжиггүй. Монгол Улсын төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагаст 1.8 тэрбум “ногоон”-ы алдагдал хүлээсэн. Нүүрсний экспортоос их хэмжээний орлого олбол төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхнө. Энэ нь ам.долларын ханшийн өсөлтийг тогтворжуулахад тустай юм. Нүүрсний экспортын орлого ханш тогтворжуулахаас гадна эдийн засгийн гинжин хэлхээгээр бусад салбарт сайнаар нөлөөлнө. Эцэст нь, хүндрэлд ороод буй эдийн засаг хурдтай сэргэх юм. Нүүрсний экспортын биет хэмжээ өссөн нь эдийн засгийн хүлээлтийг ийн эерэгт зүгт эргүүлэв.