Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө буюу цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх хэлэлцээрт тусгасан эдийн засгийн бүх заалтыг хэрэгжүүлэх баталгааг АНУ гаргавал Иран улс уг баримт бичгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байна. АНУ-ын Нью-Йорк хотод болж буй Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд оролцогч орнуудын аравдугаар бага хурлын үеэр Ираны төлөөлөгчдийн гишүүн ингэж мэдэгджээ. “Иран улс 2021 оны дөрөвдүгээр сараас хойш цөмийн хөтөлбөрийнх нь талаарх гэрээг бүрэн сэргээх асуудлаар хэлэлцээрт оролцогч бүх талтай шударга үнэнчээр харилцсан. Гэрээнд тусгасан эдийн засгийн үр өгөөжийн талаар АНУ Иранд баталгаа гаргаж өгөхгүй байгаа нь энэ зорилгод хүрэх хугацааг хойшлуулахад хүргэлээ. АНУ зөв шийдвэр гаргавал Иран улс Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнд тусгасан үүргээ бүрэн биелүүлж эхэлнэ” гэж тэрбээр хэлсэн байна. Барак Обамагийн засаг захиргааны үед Иран болон дэлхийн зургаан гүрний хооронд байгуулсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг Дональд Трамп “Маш муу баримт бичиг болсон” гэж шүүмжилж, үүнээс АНУ-ыг гаргаж, тус улсад авсан хоригуудыг сэргээсэн юм. Уг хэлэлцээрийг сэргээх талаарх хэлэлцээ Австрийн нийслэлд энэ оны дөрөвдүгээр сард эхэлсэн билээ.