Тайванийг Хятадад бүрэн эгүүлэн нэгтгэх нь түүхэн гарцаагүй зүйл гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тус аралд айлчилсны хариуд хийсэн мэдэгдэлдээ тэмдэглэв. “Хятад улсыг нэгтгэх агуу үйл хэрэг”-т саад учруулахыг мөрөөдөхгүй байхыг АНУ-д Ван И зөвлөжээ. Үүний сацуу Хятад улс Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч хүчнүүдэд үйл ажиллагаа явуулах орон зай үлдээхгүй гэдгийг тэрбээр онцолсон байна.
Нэнси Пелоси мягмар гаргийн орой Тайваньд очсон нь 1997 оноос хойш АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын тус аралд хийсэн анхны айлчлал болов. Энэ үеэр БНХАУ-ын цэргийн 20 гаруй нисэх онгоц Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрч, тус арал орчимд Хятадын армийн сургуулилалт эхэлсэн байна. Үүний улмаас Тайбэй хотын Таоюань нисэх буудлын захиргаа уржигдрын 40 нислэгийг цуцалжээ.
Н.Пелоси айлчилсантай холбогдуулан Хятад улс Тайваньд байгалийн элс нийлүүлэх, тус арлаас жүрж, хоёр төрлийн далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсоож, БНХАУ-ыг гутаан доромжилж, салан тусгаарлах үзлийг дэмжсэн хэмээн хоёр сангийн эсрэг хориг арга хэмжээ авсан байна.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайвань руу хийсэн онгоцны нислэгийг дэлхийн өнцөг булан бүрээс 2.92 сая орчим интернэт хэрэглэгч өөр өөр цахим хуудсаар дамжуулан дагасан тухай “Flightradar” мэдээлжээ. Тайбэйн нисэх буудалд эл онгоц хэрхэн газардахыг 708 мянга орчим хүн ажигласан байна. Энэ хоёр тоо нь “Flightradar” цахим хуудас үйлчилгээ үзүүлсэн түүхэн дэх үнэмлэхүй дээд үзүүлэлт болжээ.