Баян-Өлгий аймагт энэ сарын 1-нд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илрүүлжээ. Тухайн өдрийн 23.00 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тарваганд хазуулсан иргэн хандсан аж. Түүнийг тахлаар өвчилсөн байж болзошгүй гэж үзэн, тусгаарлаад буй юм байна. Өвчтөний биеийн байдал хэвийн, хүндрэл гараагүй аж. Мөн ойрын хавьтлын зургаан хүнийг тусгаарласан гэнэ. Өвчтөнөөс дөрвөн төрлийн шинжилгээний сорьц авсан бөгөөд эцсийн хариу өчигдөр хараахан гараагүй байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Эл нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдсан байна. Тус аймгийн нутаг дэвсгэр нь тарваган тахлын байгалийн голомттой, халдвар тархах өндөр эрсдэлтэй тул уг өвчнөөс урьдчилан сэргийлэх 45 хоногийн аян өрнүүлэх шийдвэрийг Онцгой комиссоос нь гаргажээ. Үүний хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүд болон тахлын байгалийн голомттой бүсүүдэд хөдөлгөөнт эргүүл ажиллуулахаар болсон гэнэ. Түүнчлэн иргэд Баян-Өлгийд аялж, зугаалахдаа тарвага агнах, уг амьтны мах болон эд, эрхтнийг авахаас татгалзахыг анхаарууллаа.
Бэлтгэсэн Ч.Зул