Гашуунсухайтын боомтоор энэ оны долдугаар сарын 29-31 болон наймдугаар сарын 2-нд нүүрс тээврийн автомашин 1605, Хангиар 524, Булганаар 362, Шивээхүрэнгээр 622, Замын-Үүд болон Бичигтийн боомтоор 51 нэвтэрчээ. Ингэснээр дөрвөн хоногт нийт 3164 автомашин нүүрс экспортлов. Манай улс өдөрт дунджаар 791 автомашин нүүрс гаргадаг болсон нь энэ. Цар тахал эрчимтэй дэгдэж байх үед өдөрт 100 хүрэхгүй машин нүүрс экспортолж байсан тохиолдол бий. Тэгвэл нүүрсний экспорт харьцангуй сэргэжээ. Энэ оны эхний хагас жилд манай улс найман сая тонн нүүрс хил нэвтрүүлсэн байна. Нийлүүлэлт энэ хэвээр үргэлжилбэл оны эцэст 20 орчим сая тонн нүүрс экспортлох боломжтой гэж шинжээчид тооцож буй. Харин дээрх хоногуудад зэсийн баяжмал тээвэрлэсэн 145 автомашин Гашуунсухайтын боомтоор хил гарчээ. Тэгвэл Бургастай болон Хангийн боомтоор 244 автомашин төмрийн хүдэр тээвэрлэсэн байна.