Фердинанд Эммануэль
Эдрамин Маркос
1965-1986 онд тус улсыг захирч байсан дарангуйлагч агсан Фердинанд Маркосын хүү 64 настай Фердинанд Маркос Филиппин улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв. “Бонгбонг” хочоороо олонд танил болсон тэрбээр тавдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд илт давуу санал авч ялсан юм. Халаагаа өгсөн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн охин Сара Дутерте Дэд Ерөнхийлөгч нь боллоо. Ийнхүү улс орон, Ази тив, бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд цууд гарсан хоёр айлын удам Филиппин улсын төрийн эрхэнд гарч ирлээ.
Хүү Фердинанд тангараг өргөх ёслолынхоо үеэр эхнэр, гурван хүүгийн хамт цэргийн баярын жагсаал үзэж, Ерөнхийлөгч болоод анх үг хэлэхдээ Филиппинийн ардчиллын түүхэнд өөрийнх нь төлөө хамгийн олон сонгогч санал өгсөнд талархлаа илэрхийлээд, эцгийнхээ засаглалын жилүүдийг өндөр үнэлсэн байна. Гэтэл эцэг Фердинанд Маркос нь улс орондоо цэргийн дэглэм тогтоож, хүчний байгууллагууд нь түүний шийдвэрээр олон мянган өөр бодолтнуудыг баривчилж, улс төрийн “дайснуудаа” устгаж, өөрөө хэмжээгүй хөрөнгөжсөн юм гэдэг. Сөрөг хүчин нь армийнхны дэмжлэгтэйгээр 1986 онд эцэг Фердинандыг унагахад, Америк руу зугтаж очихдоо хувийнхаа онгоцоор Хавайн баазад буухад үнэт зүйл дүүрэн чихсэн 23 модон авдар, 12 том чемодан, гэргий Имельда нь нөхөртөө бэлэг болгож өгсөн 24 гулууз алт буулгасан гэж Америкийн гаалийн ажилтан дурссан байдаг. Энэ гэр бүлийн эх орноосоо авч зугтсан эд зүйлийг нэгбүрчлэн бичихэд 23 хуудас болсон юм гэнэ лээ. Тэгсэн чинь энэ нь тус айлын хөрөнгөний ердөө нэг хувь нь л байж. Тэд аар саар зардалдаа зориулж бэлнээр 27 сая филиппин песо авч явсан нь тэр үеийнхээ ханшаар 15 сая ам.доллар байж. Тэгвэл Филиппинийн хүн амын тал шахам хувь нь өдөрт хоёрхон ам.доллароор амь зогоож байсан юм. Ганц Швейцарт гэхэд эцэг Фердинанд 69 данстай байсан гээд бод. Долоо хоног бүр банкны ажилтнууд Ерөнхийлөгчийн өргөөнд мөнгөтэй цүнхнүүд авчирна, тэдгээрийг оффшор данс руу шилжүүлнэ. Гэргий Имельда нь “Манайх Филиппинийг эзэмшдэг” гэж сайрхдаг байсан гэсэн. Энэ эмэгтэй 1983 онд Нью-Йоркод очоод хоёр өдөрт таван сая ам.доллар үрж байж. Хатагтай 3000 гаруй хос гуталтай байхад филиппинчүүдийн 40 хувь нь хөл нүцгэн явж байв. Ерөнхийлөгчийн бага охины хуримд зориулж зочид буудал, нисэх онгоц буух талбай бариулж байжээ. Хосын суух сүйх тэргийг Австралид захиалан хийлгэж, морьдыг Мароккогоос авчруулсан байна. Эцэг Фердинанд Маркос 1989 онд 72 насандаа бөөрний дутагдлаар Хонолулу хотод амьсгал хураажээ. Имельдагийн эсрэг 100 гаруй хэрэг үүсгэж, 1993 онд Манила хотын шүүх 18 жил хорих ял өгсөн ч таван жилийн дараа хэрэгсэхгүй болгожээ.
Сара Дутерте
Эдний хүү Ерөнхийлөгч болоод улс орноо өнгөрсөн рүүгээ эргэн санагалзаж ч, үзэн ядаж ч харах ёсгүй гэж мэдэгдэв. Эцгээ эх орноосоо зугтахаас аргагүй болсон 1986 онд хүү Маркос мэдээж хамт Хавай руу явахдаа 28 настай байлаа. Бонгбонг Маркос 1991 онд эх орондоо эргэж ирж улс төрд хөл тавив. Түүнийг Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс хэдхэн хоногийн өмнө Филиппинийн Дээд шүүх шийдвэр гаргаж, өнгөрсөн хугацаанд татвар төлөхөөс зайлсхийсэн явдал бий ч Төрийн тэргүүн болоход нь саад хийсэнгүй.
Хүү Фердинанд Маркос ажлын байрыг нэмэгдүүлэх, эрс өсөж буй бараа, бүтээгдэхүүний үнийг хязгаарлах амлалт өглөө. Сурталчилгаагаа сайн хийсэн нь ялангуяа эцэг Маркосын үеийг мэдэхгүй залууст айхтар эерэг нөлөө үзүүлсэн байна. Сонгуулийн өмнөх кампанит ажилдаа ташаа мэдээлэл их ашиглаж, эцэг Маркосын хийсэн гэмт хэргүүдийг ихэд цайруулсан гэж шүүмжлэгчид дүгнэсэн. Филиппинийн эрх баригчид үгийн эрх чөлөөг үгүй хийсэн гэж үздэг. Хүү Маркосыг тангараг өргөхийн өмнө Нобелийн энх тайвны шагналт Мария Рессийн тэргүүлж байсан “Rapple” гэдэг хэвлэлийг хаалаа. 2012 онд бий болсон энэ сайт Ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн бодлогыг шүүмжилдэг байсан юм. Мария Рессатай хамт Нобелийн шагнал 2021 онд хүртсэн Оросын сэтгүүлч Дмитрий Муратов шагналаа худалдаж олсон мөнгөө Украины дүрвэгчдэд зориулсны учир эх орондоо хавчлага мөрдлөгөд өртсөн юм. Түүгээр ч барахгүй Муратовыг галт тэргэнд явж байхад нь үл мэдэгдэх этгээдүүд халдаж, эрхлэн гаргадаг “Новая газета” сонин нь түр хаагдсан байдаг.
Энэхүү Дутертегийн охин Сара Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг дээр цухас дурдсан. Ийнхүү эцэг Маркос Дутерте нарын талыг баримтлагч улс төрийн хамгийн нөлөө бүхий хоёр хүч тус улсын улс төрийн эрх мэдлийг авлаа.
Родриго Дутерте
Эцэг Дутерте 2000-аад оны эхээр Давао хотын захирагч байхдаа гэмт хэрэгтнүүдийн “учрыг олоод” байсан “Үхлийн эскадронуудын” үйл ажиллагааг дэмжиж байснаас хэвлэл, эрх баригчид, олон улсын байгууллагын ширүүн шүүмжлэлд өртөж байжээ. Түүнийг тус хотын даргаар 22 жил ажиллахад энд гэмт хэрэгт холбогдсон 1000 гаруй хүн янз бүрийн нөхцөлд амиа алдсан аж. Тиймээс хэвлэлийнхэн Дутертег “залхаан цээрлүүлэгч” хэмээн нэрлэх болсон байдаг. Тэрбээр 2016 онд 71 насандаа Филиппинийн 16 дахь Ерөнхийлөгч болсон юм. Дутертег хэвлэлийнхэнд маш өвөрмөц ханддаг гэж үздэг байсан. Сэтгүүлчдийг хамгаалах хөдөлгөөний баримтаар бол 1992 оноос хойш тус улсад хэвлэл мэдээллийн байгууллагын 77 ажилтан амиа алдсаны дотор 2009 онд л гэхэд 33 сурвалжлагч амь үрэгдсэн байдаг. Энэ байдлыг тайлбарлахдаа тэрбээр “Ний нуугүй хэлэхэд амиа алдсан сэтгүүлчдийн олонх нь ямар нэг байдлаар алдаа гаргасан байна. Чи буруу юм хийхгүй бол чамайг алахгүй” гэж хэлж байжээ. Сэтгүүлч Хуан Пол 2003 онд буудуулж амь үргэдэхэд Дутерте “Түүний дурсгалыг сэвтүүлэхийг би хүсэхгүй байгаа ч тэр өөдгүй новш байснаас зохих шангаа хүртсэн юм” гэж хэлсэн байдаг. Давао хотод ажиллаж байхдаа гэмт хэрэгтнүүдийг шүүлгүйгээр хороосон хэрэгт холбоотойгоо тэр нотолсон төдийгүй Ерөнхийлөгчөөр сонгогдвол 100 мянга хүртэлх гэмт хэрэгтнийг цаазална гэж мэдэгдэж байв.
Хүү Маркос нь Ерөнхийлөгч болоод гадаад гүрэн, улс орнуудтай яриа хөөрөөний замаар ажил, асуудлаа шийдэж байхыг зорихоо илэрхийлэв. Харин Өмнөд Хятадын тэнгисийн сав газарт нутаг дэвсгэрийн маргаантай байдгаас Хятад улсын талаар ам нээсэнгүй. Тэрбээр өнгөрсөн сарын эцсээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш Конгрессдоо хандаж анхны илгээлтээ явуулахдаа Филиппин улсынхаа нутаг дэвсгэрээс алгын чинээг ч гадаад улсад өгөхгүй гэж өгүүлсэн байна. Түүнчлэн Филиппин улс харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хүчин чармайлтыг эрхэмлэсэн сайн хөрш байх болно гэж хэлжээ. Хөрштэйгөө санал зөрөлдсөн тохиолдолд асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэж байхыг амлав. Зургадугаар сарын 30-нд ажилдаа ороод юуны түрүүнд Авлигын эсрэг комисс байгуулжээ. Өөрчлөлт шинэчлэлт хийх нь эдийн засгийн хямралын нөхцөлд хөрөнгө хэмнэхэд зайлшгүй шаардлагатай ажил гэж тэр үзэж байгаа юм байна.
Гэхдээ харилцаа холбооны тогтолцоог өөрчлөн байгуулах шийдвэр нь дарангуйлагч агсан эцэг Фердинанд Маркосын үед эхлүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дарамт шахалт үзүүлэх ээлжит оролдлого байх вий хэмээн ажиглагчид болгоомжилж байна. Филиппинийн шинэ Ерөнхийлөгчид үгийн эрх чөлөөнд халдсанаар Мэдээллийн ерөнхий агентлаг нь Төрийн тэргүүнийхээ захиргааны хяналтад шилжих болов уу гэж таамаглах хүн энд олон байна.
Фердинанд Маркос
Өнөөгийн Ерөнхийлөгчийн эцгийн бүтэн нэр нь Фердинанд Эммануэль Эдрамин Маркос юм. 1989 онд АНУ-ын Гонолулуд өөд болсон түүний цогцсыг 2016 онд эх оронд нь авчирч, олон түмэн эсэргүүцсээр, авлига, эрх мэдлээ буруу ашиглаж байсан гэж шүүмжилсээр байхад Баатруудын оршуулгын газарт нутаглуулсан аж.
Сара Дутерте 15 дахь Дэд Ерөнхийлөгчийн тангаргаа төрөлх Давао хотдоо өргөлөө. Энэ ёслолд эцэг Дутерте, эх Элизабет Циммерман нар нь хамт байв. Сара Дутерте анх Давао хотын захирагчаар ажиллаж улс төрд орж ирсэн бөгөөд эцгийнхээ халааг авч энэ албыг 2010-2013 онд хашсан юм. Тэрбээр хуульч мэргэжилтэй, Дээд шүүхэд ажиллаж байгаад цэрэгт явжээ. Сара Дутерте Дэд Ерөнхийлөгчөөр ажиллахын зэрэгцээ Боловсролын яамыг толгойлно.