Германы Мюнхен хотын дулааны станцууд мазут шатаагчуудаа ажиллуулж, нүүрснээс татгалзан, хий рүү шилжих ажлаа хойшлуулсан тухай “Stadtwerke Muenchen” компани мэдэгдсэнийг “Bloomberg” агентлаг уламжлав. “Ийм арга хэмжээ авснаар байгалийн хийн хэрэглээг бууруулж, эрчим хүчний бүтцээ өргөжүүлж байна” гэж тус компани мэдээлэхдээ хэдий хэмжээний мазут хэрэглэхээ тодруулаагүй аж.
Байгаль орчинд хор нөлөөтэй хэмээн тус улс дулааны станцуудаа хаагаад удаагүй байгаа билээ. Эрчим хүч хэмнэх үүднээс усан бассейн, сауны температурыг хамгийн бага градус хүртэл бууруулснаа “Stadtwerke Muenchen” мөн мэдээлжээ. Түүнчлэн тус компани сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, төвлөрсөн халаалтын системийг өргөтгөх ажлаа эрчимжүүлэх зорилгоор 10 сая еврогийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна.
Европт энэ өвөл хийн хомсдол нүүрлэж, хүнд байдал үүсэхийг “Bank of America” урьд нь зарласан. ОХУ хий дамжуулах “Nord stream” хоолойнхоо хүчин чадлын 20 хувийг ашиглаж байгаа тул өвөл хэрэглэх хангалттай хэмжээний хий хуримтлуулж амжихгүй гэж мэргэжилтнүүд үзэж буй. Одоо тус улсын хотууд хязгаарлалт хийхээс өөр аргагүй болж байна. Тухайлбал, Берлин дэх Ерөнхийлөгчийн ордон шөнийн цагаар гэрэлтүүлэг хийхээ больж, Ганновер хот усан бассейн, биеийн тамирын заалны шүршүүрийн халуун усаа хааж, хотын захиргаа нь хүмүүсийг хүйтнээс хамгаалах, халаагууртай хоргодох байрууд бэлтгэж эхэлжээ. Үүгээр зогсохгүй байгалийн хийн хомсдол нь тус улсын Засгийн газрыг онц байдал зарлахад хүргэж болзошгүй байгаа аж.
Украиныг цэрэггүй, аюулгүй болгох Оросын байлдааны ажиллагаа эхэлснээр Өрнөдийн орнууд Москвад тавьсан хориг арга хэмжээгээ чангатгасан. Олон улс Оросын хөрөнгийг битүүмжлэн, тус улсаас эрчим хүч авахгүй байх уриалга улам хүчтэй болсон билээ. Эдгээр арга хэмжээ нь Европ, АНУ төдийгүй дэлхий нийтийг хамарсан асуудал үүсгэж, хүнсний бүтээгдэхүүн, шатахууны үнэ нэмэгдэхэд хүргээд байна.