“Эрдэнэс Тавантолгой” компани 2017 оноос эхлэн нүүрс худалдан авагч компаниа нээлттэй сонгон шалгаруулж, гэрээний барьцаа болон урьдчилгаа төлбөрөө төлсөн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг гэдгээ мэдээллээ. Нүүрс худалдан авагч компаниудтай гэрээ байгуулах явцад барьцаа болон урьдчилгаа төлбөрийг төлүүлэх, хэрэгжилтийг хангуулахтай холбоотой албан харилцаа үүсдэг бөгөөд бүх худалдан авагчдад ижил тэгш хандан, үйл ажиллагаагаа нээлттэй ил тод явуулж буйгаа ч дурдлаа. Түүнчлэн нүүрс борлуулахтай холбоотой мэдээлэл, ирүүлсэн үнийн санал, гэрээний хугацаа зэргийг компанийн цахим хуудсанд нээлттэй байршуулдаг учраас зарим иргэний мэдээлж, хардаж буй шиг ашиг сонирхлын ямар нэгэн зөрчил үүсдэггүйг тус компанийн зүгээс онцолсон. Хувьцаа эзэмшигчид, иргэд санал, гомдлоо “Эрдэнэс Тавантолгой”-н цахим хуудсанд бичих, эсвэл биечлэн өгөх, утсаар мэдээлэх боломжтой гэв.