Монгол Улсын гадаад худалдаа ашигтай гарсаар байна. Тодруулбал, гадаад худалдааны тэнцэл 2014 оноос хойш тасралтгүй ашигтай гарав. Тухайн жил 539.2 сая ам.долларын ашигтай байж. Тэгвэл өнгөрсөн жил 2.39 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Өнгөрсөн жилийн ашиг нь 2014 оныхоос дөрөв дахин өссөн байгаа биз. Түүнээс өмнө гадаад худалдаа 2006 онд 107 сая “ногоон”-ы ашигтай гарч байсан юм.
Мөн 1993, 1994, 1995, 1997 онд ашигтай гарсан бол бусад жилд нь алдагдалтай гарч байв. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 32 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд улсын гадаад худалдаа 12 жилд нь ашигтай гарав. Тэгэхээр дийлэнх хугацаанд нь алдагдал үүрч явсан гэхээр Монгол Улсын эдийн засаг ямар хүнд сорилтыг давсан нь тодорхой харагддаг.
Гадаад худалдааны алдагдал зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 2008 оныг эс тооцвол 400 сая ам.доллароос хэтрээгүй. Дунджаар 250 сая орчим ам.долларын алдагдалтай явж ирсэн. Тэгвэл 2008 онд 710 сая ам.долларын алдагдалтай гарсан юм. Харин гадаад худалдааны алдагдал 2011 оноос огцом өссөн. Тухайн жил гадаад худалдааны алдагдал 1.78 тэрбум ам.долларт хүрэв. Гадаад худалдааны алдагдал 2012 онд 2.35, 2013 онд 2.08 тэрбум ам.долларт хүрсэн. Дээрх гурван жилд нийт 6.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
Гадаад худалдааны алдагдал 2011-2013 он хүртэл огцом өссөн нь, 2014 оноос хойш ашигтай гарч эхэлсэн нь уул уурхайн салбартай холбоотой юм. Ялангуяа Тавантолгойн коксжих нүүрс, Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглаж эхэлсэн нь гол нөлөө үзүүлсэн. Дэлхийд томоохонд тооцогдох хоёр төслийг эхлүүлэх бүтээн байгуулалтыг хийхийн тулд гадаадаас их хэмжээний бараа, материал худалдаж авсан. Мөн олон тооны техник, тоног төхөөрөмж, машин механизм худалдан авч ирсэн билээ. Энэ нь гадаад худалдааны алдагдлыг огцом өсгөсөн хэрэг. Тавантолгойн ордоос 2011 оноос нүүрс экспортолж эхэлсэн. Харин “Оюутолгой” компани 2013 оноос зэсийн баяжмал экспортолж эхэлсэн юм. Үүнээс хойш гадаад худалдаа ашигтай гарч байгаа гэсэн үг.
Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 16.09 тэрбум ам.долларт хүрэв. Гадаад худалдааны бараа эргэлт 2010 онд 6.1 тэрбум ам.доллартой дүйж байжээ. Ийм дүнтэй байсан гадаад худалдааны бараа эргэлт дараа жил нь буюу 2011 онд 11.4 тэрбум “ногоон”-д хүрч огцом өслөө. Манай улсын экспорт 2010 онд 2.9 тэрбум ам.доллар байв. Тэгвэл дараа жил нь 4.8 тэрбумд хүрч огцом өссөн. Энэ нь уул уурхайн томоохон төслүүд Монгол Улсын эдийн засагт ямаршуухан нөлөө үзүүлснийг тодорхой харуулна. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын экспортын хэмжээ 9.2 тэрбум ам.долларт хүрээд байна.
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2022 оны нийгэм, эдийн засгийн байдлын судалгааг өнгөрсөн сард танилцуулсан. Энэхүү судалгааны мэдээлэл Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн дүр зургийг илэрхийлэх нь дамжиггүй. Монгол Улс 2022 оны эхний хагас жилд нийт 145 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 5.3, импорт 3.9 тэрбум ам.доллар байгаа аж. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.9 тэрбум ам.доллар буюу 26 хувиар өсжээ. Хагас жилийн дүнгээр гадаад худалдааны бараа эргэлт 9.3 тэрбум “ногоон”-д хүрсэн нь цаашид өсөх хандлагыг харуулж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, эдийн засаг сэргэж буй. Тэгэхээр энэ онд манай улсын гадаад худалдааны эргэлтийн дүн 20 тэрбум ам.доллар давах магадлалтай юм. Экспорт 1.2 тэрбум ам.доллар буюу 30, импорт 687 сая “ногоон” буюу 21 хувиар тус тус өсжээ.
Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний хагас жилд 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарав. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 534.8 сая “ногоон” буюу 64.8 хувиар өссөн үзүүлэлт юм. БНХАУ-тай энэ оны эхний хагас жилд 5.8 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 62.3 хувийг эзлэв. Тус улсад экспортолсон бараа, бүтээгдэхүүний 47.2 хувийг чулуун нүүрс, 36.3-ийг зэсийн баяжмал эзэлсэн ажээ. Ерөөс БНХАУ нь манай чулуун нүүрс, зэсийн баяжмалын ганц худалдан авагч юм. Тэгэхээр тус улсад эхний хагас жилд таван тэрбум ам.долларын үнэ бүхий уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлжээ. Тэгвэл Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлсэн байна.
Экспорт энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеийнхээс 1.2 тэрбум ам.доллароор өссөнийг дээр дурдсан. Үүнд нүүрсний экспорт 1.3 тэрбум, зэсийн баяжмалынх 277.8 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ. Нүүрсний экспорт өмнөх жилүүдийнхээс биет хэмжээгээрээ өсөөгүй. Энэ оны эхний хагаст найман сая тонн нүүрс экспортолсон. Гэвч нүүрсний үнэ урд хөршид өндөр буй учраас экспортын мөнгөн дүн нь өссөн байна. Харин нүүрсний хилийн дундаж үнэ зургадугаар сард өмнөх сарынхаас унажээ. Тухайлбал, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 58 ам.доллароор хямдарч 273, зэсийн баяжмалынх 240.1 “ногоон”-оор уруудаж 1688 болжээ.
ОХУ-аас импортоор оруулсан барааны 58.9 хувийг нефтийн бүтээгдэхүүн, шатахуун, Япон улсаас импортолсон барааны 68.9 хувийг суудлын автомашин эзэлсэн байна. БНХАУ-аас импортолсон барааны 4.8 хувийг цахилгаан эрчим хүч, 8.5 хувийг ачааны тэрэг, 86.7 хувийг олон нэр, төрлийн бага жинтэй бараа, бүтээгдэхүүн эзэлж байгаа аж. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 687 сая ам.доллароор өссөнийг дээр дурдсан. Автобензиний импорт 157.1, дизель түлшний импорт 131.4 сая “ногоон”, суудлын автомашиных 104.1 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 98.3 хувийг эзэлжээ. Тэгвэл импортын 62.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байгаа аж. Монголчууд нүүрс, алт, зэс, жонш, төмрийн хүдрийн баяжмал экспортолж мөнгө олоод, түүгээрээ машин техник, түүнийг хөдөлгөх шатахуун худалдаж авахад зарцуулдаг юм байна гэсэн дүр зураг харагдлаа.