ТҮҮХ ДАВТАГДДАГ
Түүх дандаа давтагддаг гэж Карл Маркс 1852 онд дүгнэсэн байдаг.
Шинэ он гарснаас хойш “Ковид-19”-ийн цар тахал шинэ шинэ хувилбараар улам тарсаар 577 сая хүн халдварлаж, Орос, Украины дайн сунжирч, Шинзо Абэ алагдаж, Хятад, Америкийн зөрчил Тайваньд зэвсэгт мөргөлдөөн болохоо шахлаа. Нэг үгээр хэлбэл, дэлхий шокын байдалд орлоо.
1990 онд Хүйтэн дайн дуусахад “Түүх төгслөө” гэж дүгнэж асан Фрэнсис Фукуяма дэлхий шинэ хуваагдлын ирмэгт ирснийг мэдэгдэв. Яг 100 жилийн өмнө, дэлхий бас ийм байдалтай байсан. Испани ханиадаар 500 гаруй сая хүн өвдөж, Австри-Унгарын угсаа залгамжлагч Франц Фердинанд алагдаж, дэлхийн I дайн дэгдэж, манай хоёр хөрш Орос, Хятад иргэний дайнд туйлдаж, Версалын гэрээний дараах дэлхийн дэг журам тэр чигтээ эвдэгдсэн юм. Марксын зөгнөсөн ёсоор 100 жилийн өмнөх дэлхийн түүх жам ёсоороо яг давтагдлаа.
ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ
1992 онд Монголд инфляцын түвшин 325.5 хувьд хүрсэн юм. Нийгмийн болон эдийн засгийн шилжилт явагдаж байсан тэр үед ДНБ-ий гуравны нэг хувийг эзэлдэг байсан Зөвлөлтийн тусламж ор тас алга болж, эдийн засаг -9.3 хувь хүртэл агшиж, нийт эдийн засгийн 30 хувийг эзэлдэг байсан хөдөө аж ахуй 16 хувиар агшиж, шатахуун, тог цахилгаан тасалдаж байсан үе.
Тэр үед Засгийн газрын хуралдаанаар бензин, шатахууны асуудал хэлэлцэхэд сайд нар нь бензинээ хэмнэх зорилгоор машин унахаа больж, Ерөнхий сайдыгаа яаж явган явуулах вэ гээд машиныг нь үлдээж байсан юм. Тэгэхэд Ерөнхий сайд П.Жасрай “Хонгилын үзүүрт гэрэл бий” гэдэг үгээ хэлж билээ!
Гэхдээ л хонгилын үзүүрт гэрэл сүүмэлзэж байсныг П.Жасрай гуай олж харсан, бас түүнийхээ төлөө тууштай зүтгэж чадсан юм.
Эдийн засаг “дефолт” зарлахдаа тулсан үед хэлж байсан энэ үг бухимдсан ард түмнээ тайтгаруулах арга, эсвэл хоосон мөрөөдөл санагдсан биз.
ЯАГААД
Одоо дэлхий даяар “Ковид-19”, Орос, Украины дайн, Хятад, Америкийн зөрчил, дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэж, монголчууд бид зүйл зүйлийн хүндрэл, хямралыг туулж байна. Гадаад нөхцөл байдал ийм үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар улстөржилт, талцал, бүлэглэлүүдийн эрх ашгийн дундуур туучиж, өмнөх Засгийн газруудын хүчрээгүйг эхлүүлчихсэнийг бид өдөр тутмын “сенсацууддаа” халуурсаар бараг анзаараагүй.
Чухам ийм учраас П.Жасрай гуайн хэлсэн шиг “Хонгилын үзүүрт гэрэл” харагдаж байна.
- Вакцинжуулалтыг эрт эхлүүлж, одоог хүртэл хатуу хөл хорио тогтоогоогүйн хүчинд эдийн засгийн энгийн хэмнэлээрээ үргэлжилж, дэлгүүр, ресторан, худалдаа гээд бүхий л үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.
- Оюутолгойн хэлэлцээрийг амжилттай хийж чадсаны хүчинд ердөө жилийн дараа 2023 он гэхэд гүний уурхайг нь ашиглалтад оруулж, Монгол Улсын эдийн засаг гурав дахин тэлж, одоогийн нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюутолгой үйлдвэрлэнэ.
- Гашуунсухайтын боомт БНХАУ-ын Ганцмод боомттой хил холболтын цэгээр холбогдож, экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр 14 жил улстөржин маргаж, 80 гаруй их наяд төгрөгийн боломжоо алдсан Гашуунсухайтын төмөр замын ажлыг энэ намартаа бүрэн дуусгана.
- Ханги-Мандал, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ намар дуусгаснаар хоёр дахь Замын-Үүд нээгдэнэ.
- Удахгүй Шивээхүрэн-Сэхэ боомт хүртэлх төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлж, Арцсуурь-Шивээхүрэн боомтыг холбох баруун босоо тэнхлэгийн төмөр замын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж дууссан.
ХАЛХЫН ЗАЯА ИХ
Монголын нийт экспортын 86 хувийг зэс, нүүрс, алт гэсэн гурван түүхий эд бүрдүүлдэг. Ирэх жил гэхэд Оюутолгойн гүний уурхай, нүүрсний экспортын төмөр замын дэд бүтцийг ашиглалтад оруулснаар Монголын эдийн засаг цойлох боломж бүрдэнэ.
Азаар дэлхийн зах зээлд зэс, нүүрс, алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүртэл өссөөр байгаа нь манай валютын орлого тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж буй.
Ногоон эдийн засаг, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний технологийн гол бүрэлдэхүүн болох зэсийн үнэ 2020 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн.
Sxcoal-ийн мэдээлснээр нүүрсний үнэ тонн тутамдаа өмнөх оны мөн үеэс 197.36 ам.доллароор нэмэгдсэн. Цаашдаа ч тасралтгүй нэмэгдэх нь тодорхой.
НОЁН УРВААЧ, НОХОЙ ШАРВААЧ
Ойрдоо Монгол Улсыг “дефолт” зарласан Шри Ланкын хувь заяа хүлээж байна гэдэг мэдээ цахим орчинд “сэвэгдэх” боллоо. Нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах том, жижиг улстөрчдийн санаархал ч цухалзах боллоо.
Улс төрийн жижиг эрх ашгийнхаа төлөө улсаа бүхэлд нь нураасан түүх бидэнд бас бий.
1919 онд дэлхийн I дайны үр дагавар үргэлжилж, Орос, Хятадын иргэний дайн ширүүсэж, Монголын эдийн засаг туйлын хүнд байдалд оржээ.
Тэр үед Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн тэргүүлж байсан Засгийн газрыг унагаж, өөрсдөө эрх мэдэлд хүрэхийн төлөө Алтан ургийн ноёдын болон лам нарын фракц ширүүн тэмцэлджээ. Угаасаа тэмцэлдээд эрх мэдэлд хүрч чадахгүйгээ мэдсэн лам, ноёдууд нийлээд томоохон шинэтгэл хийхийг зорьж байсан Сайн ноён хан Намнансүрэнг хордуулж, өөрсдөө Хятадын цэргийг урьж, эрх ямбаа баталгаажуулсныхаа шанд 36 000 лан мөнгө тогтмол хүртэх болсноор энэ тэмцэл өндөрлөжээ.
Тэд өөрсдийнхөө эрх мэдэл, өчүүхэн ашиг хонжооны төлөө тусгаар тогтнолоо устгахаас огтхон ч санаа зовсонгүй. Харин ч Сюй Шү Жэнтэй бахархалтайгаар зургаа авхуулсан нь түүхэнд үлджээ.
Хүнд хэцүү цаг үе, асар хүнд сорилт тулгарч болно. Чухам тэр үед эх орныхоо эрх ашгаа золиосолж, өөрийнхөө өчүүхэн эрх ашгаа бодох л юм бол төлөөс нь тусгаар тогтнол шүү гэдгийг түүх сануулдаг.
Бэлтгэсэн Д.Болд