АНУ-ын Кентукки муж улсын зүүн нутгаар хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас 28 хүн, тэдний дотор хүүхдүүд амиа алджээ. Их хэмжээний бороо орсны улмаас гол, мөрнүүд эргээсээ хальсан гэнэ. Олон өрх айл орон гэргүй болжээ. Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг эрэн хайж, аврах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна гэж тус муж улсын амбан захирагч Энди Бешир “NBC news” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Аврагчид алслагдсан, очиход хүндрэлтэй бүс нутгуудад ажиллаж буй гэнэ. Ойрын өдрүүдэд хэд хэдэн удаа бороо орж, хүчтэй салхитай байхыг Үндэсний цаг уурын албанаас нь мэдээлээд, Кентуккигийн өмнөд болон зүүн нутагт болзошгүй үерийн аюулаас сэрэмжлүүлэв.
Энэ удаа буусан үер нь сүүлийн долоон сарын хугацаанд тус мужид тохиолдсон хоёр дахь томоохон гамшиг гэнэ. Өмнөх оны арванхоёрдугаар сард баруун нутгийг нь хар салхи хэд хэдэн удаа дайрсны улмаас 80 орчим хүн амиа алдсан юм.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр амбан захирагч нь Кентуккид онц байдал зарлаж, энэ удаагийн гамшгийг тус муж улсын түүхэн дэх хамгийн их уршигтай үерийн нэг хэмээн нэрлэв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден тэнд байгалийн томоохон гамшиг болсныг зарлаж, улсын төсвөөс санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ. Өнгөрсөн ням гаргийн үдээс хойш тус муж улсад 14 мянга гаруй байшин, барилга гэрэл, цахилгаангүй болсныг эрчим хүчний компаниуд мэдээлэв. Мөн ус цэвэрлэх гурван байгууламж ашиглалтгүй болжээ. Кентукки муж улсын дэд бүтцийг сэргээхэд олон жил шаардагдахыг Энди Бешир анхааруулсан байна.