Монгол Улс энэ оны эхний зургаан сарын байдлаар 2.35 тэрбум ам.долларын үнэ бүхий 8.08 сая тонн чулуун нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1.33 тэрбум ам.доллар буюу 2.3 дахин өссөн үзүүлэлт аж. Харин биет хэмжээ нь 1.2 сая тонн буюу 13 хувиар буурчээ. Тэгвэл 1.59 тэрбум ам.долларын 747.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 277.8 сая ам.доллар буюу 21.2 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Мөн биет хэмжээгээр 133 мянган тонн буюу 21.6 хувиар тус тус өссөн аж.
Оны эхний хагаст 173.9 сая ам.долларын 1.74 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, үнийн дүнгээр 377 сая ам.доллар буюу 68.4, биет хэмжээгээр 2.27 сая тонн буюу 56.6 хувиар буурсан байна. Мөн хугацаанд 46.9 сая ам.долларын 167.4 мянган тонн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 223.6 мянган тонн буюу 57.2, үнийн дүнгээр 37.9 сая ам.доллар буюу 44.7 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Мөн 155.2 сая ам.долларын 73.4 мянган тонн цайрын баяжмал экспортолсон байна. Цайрын баяжмалын экспорт өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 6.7 мянган тонн буюу 10.1, үнийн дүнгээр 54.1 сая ам.доллар буюу 53.5 хувиар тус тус өсжээ.
Эхний зургаан сард 40.3 сая ам.долларын 2823.6 тонн молибдены баяжмал экспортолжээ. Молибдены баяжмалын экспорт өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 12.5 сая ам.доллар буюу 44.7 хувиар өссөн бол биет хэмжээ нь 554.9 тонн буюу 16.4 хувиар буурсан байна. Дээрх хугацаанд 514.1 сая ам.долларын 8575.3 кг алт экспортолсон аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 296 сая ам.доллар буюу 2.4, биет хэмжээ нь 4918.7 кг буюу 2.3 дахин өссөн байна.