Иракийн исламын шиитийн удирдагч Муктада ас-Садрыг дэмжигч олон зуун хүн нийслэл Багдад дахь тусгай хамгаалалттай “Ногоон бүс” рүү дайран орж, парламентын ордноо эзэлжээ. Муктада ас-Садрыг дэмжигчид түүний өрсөлдөгч, Ираны гар хөл бологч гэж үздэг Мохаммед аль-Суданийг Ерөнхий сайдаар томилох төлөвлөгөөг эсэргүүцэж байна. Энэ сарын 27-ны байдлаар Ирак улс Засгийн газаргүй 290 хоног болсон нь шинэ дээд үзүүлэлт юм. Үүнээс өмнө 289 хоног Сайд нарын танхимгүй байсан “амжилт” 2010 онд бүртгэгджээ.
Муктада ас-Садр тэргүүтэй “Садристуудын хөдөлгөөн” есөн сарын өмнө буюу өнгөрсөн оны аравдугаар сард болсон сонгуулиар харьцангуй олонх болсон ч өнөөг хүртэл засгийн эрхэд гарч чадаагүй байна. Сайд нарын танхим бүрдүүлэх хэлэлцээ гацаанд орж, бүх тал, тэр дундаа шиит болон курд бүлэглэлүүд тохиролцоонд хүрээгүй.
Парламентын ордон нь Багдадын алдартай, өндөр хамгаалалттай “Ногоон бүс”-д байрладаг. Цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан ч жагсагчдыг зогсоож чадаагүй гэнэ. Тэднийг ордон руу ороход парламентын нэг ч гишүүн байгаагүй аж. Сонгуулийн дараа Засгийн газар солигдохыг есөн сар хүлээсэн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Мустафа аль-Кадхими жагсагчдыг ордноос гарахыг уриалсан нь нэмэр болоогүй байна. Бүрэн эрхт Засгийн газаргүйгээс Ирак улс энэ жилийн батлагдсан төсөвгүй, дэд бүтцийн төсөл, шинэчлэлийг санхүүжилтгүй орхижээ.
Үүнээс өмнө Муктада ас-Садрыг дэмжигчид 2016 онд болсон үймээний үеэр парламентад нэвтэрч байсан. Дараа нь 2019 онд Иракт авлига, ажилгүйдэл, ядуурлыг олон нийт эсэргүүцэж, эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд тэр үед олон зуун хүн амиа алдсан билээ.