“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
-“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрчээ. Нэр нь ерөнхий ойлголт өгч буй ч энэ байгууллага ямар үйл явуулах талаар асууя.
-Монгол Улсын парламент өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд “Шинэ сэргэлтийн бодлого”- ыг баталсан. Энэ бол 10 жилийн буюу дунд хугацааны хөгжлийн бодлого. Манай төв энэ бодлогыг хурдтай хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх, уялдаа холбоогоор хангах зорилготой байгууллага.
Өнгөрсөн хоёр жил Монгол Улсын эдийн засаг цар тахлын давалгаанд өртлөө. Ковидын давалгаа эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн. Цар тахал, ОХУ, Украины дайны улмаас хүнс болон бусад төрлийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн гинжин хэлхээ тасарч, инфляц огцом өслөө. Энэ нь эдийн засагт ихээхэн дарамт болж байна. Энэ онд манай улсын эдийн засаг бидний өмнө нь төсөөлж байснаас бага хэмжээгээр өсөх нь. Эдийн засгийн хэллэгээр “гадаад шок” богино хугацаанд ар араасаа давтагдаж байгаа нь хүндрэлийг илүү гүнзгийрүүлж байна. Хэрэв манай улс 2010 онд хийхээр төлөвлөж байсан төслүүдээ улс төржихгүйгээр цаг тухайд нь хийчихсэн бол өнөөгийн хүндрэлийг арай хохирол багатай давах байсан болов уу. Энгийн жишээ хэлэхэд, нүүрсний төмөр замаа тавьчихсан байсан бол цар тахлын үед энэ бүтээгдэхүүний экспортын хэмжээ буурахгүй байлаа. Цаг хугацаа алдсанаас болж Монгол Улсын 3.3 сая иргэн бүгд хохирч байна. Бид 2030 онд “Том төслүүдээ хэрэгжүүлчихгүй яав даа” гээд дахиад яриад сууж байвал утгагүй. Энэ алдааг давтахгүй байх, залруулахын тулд бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулсан. Эдийн засгийн хөгжлийг хойш нь татаж буй асуудлыг шийдвэрлэх төслүүдийг ирэх 10 жилд хэрэгжүүлнэ. Эдгээр төслийг бодитой ажил болгох, төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор манай төвийг байгуулсан.
-Таныг АНУ-ын Харвардын их сургуульд эдийн засгийн хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүд гэсэн сэдвээр магистр хамгаалсан гэж сонссон. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан сэргэлтийг таны судалгааны ажлаас улбаатайгаар тодорхойлсон гэж ойлгож болох уу?
-Миний Харвардад магистр хамгаалсан дипломын ажил “Монголын макро эдийн засгийг хэрхэн тогтвортой болгох вэ” гэсэн сэдэвтэй байсан. Сэдвийнхээ хүрээнд судалгааны ажил хийхдээ өсөлтийн оношилгооны аргачлалыг ашигласан. Энэ аргачлалыг Харвардын их сургуулийн багш Рикардо Хаусманн, Дани Родрик, Андрю Веласко нарын нэртэй эдийн засагчид боловсруулсан юм. Өсөлтийн оношилгоог ашиглаад Монголын эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг тодорхойлсон. Эдийн засгийн шинэчлэл хийх дөрвөн арга байдаг. Хамгийн зөв нь өсөлтийн оношилгоо хийгээд, түүнээс гарч ирсэн хязгаарлагч хүчин зүйлүүдийг шийдвэрлэх байдаг. Манай улсын эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйл нь нэгдүгээрт, эрчим хүч байсан. Дараагийнх нь тээвэр ложистик, үүн дотор тээврийн үр бүтээмж, хил нэвтрэх хоёр байсан. Гуравдугаарт, төрийн чадамж орсон. Магистрын ажил дотроо төрийн чадамжийн талаар нарийвчилсан шинжилгээг бүрэн хийгээгүй. Шууд тэгээд хэлчихгүй, тойруу утгаар нь оруулсан. “Шинэ сэргэлтийн бодлого”-д нэгдүгээрт, эрчим хүчний сэргэлт, хоёрдугаарт боомтын сэргэлт, гуравдугаарт төрийн чадамжийн сэргэлт орж байгаа. Энэ утгаараа аргачлал болон зарим нэг хязгаарлагч хүчин зүйлсийг оруулсан. Энэ бодлого гарахад төрийн олон албан хаагч оролцож, хоёргүй сэтгэлээр хэдэн сар суусан л даа. Тэр утгаараа хамтын бүтээл гэж би боддог. Мөн миний магистрын ажилд огт дурдаагүй хот, хөдөөгийн сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт, ногоон сэргэлт гэсэн зорилтыг хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан нэмж тусгасан.
-Үндэсний хөгжлийн газрын дэд даргаар ажиллаж байхдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын суурь судалгааг та илүү нарийвчлан хийж, боловсруулсан гэж ойлгож байгаа. Зөв үү?
-Үндэсний хөгжлийн газарт дэд даргаар ажиллаж байхдаа оролцож хийсэн хамгийн том ажлын нэг нь энэ. Нөгөөх нь Монгол Улсын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулахад гардаж ажилласан. Үүнд зарим хязгаарлагч хүчин зүйлийг тусгасан юм. Бид хязгаарлагч хүчин зүйлийг нэг жилд шийдвэрлэж чадахгүй. Эрчим хүчний дамжуулах шугам татах, цахилгаан станц барих, боомтоо тэлэх, төмөр зам тавих гэх мэт олон шийдвэрлэх асуудал бий. Үүнийг нэг жилд багтааж хийж чадахгүй. Жишээ нь, Тавантолгойд дулааны цахилгаан станц барих санхүүжилтийг өнөөдөр шийдлээ гэхэд таван жилийн дараа ашиглалтад оруулна. Бид дунд хугацааны шийдэл рүүгээ орохгүй, сонгуулийн циклээр ажиллах тусам боломжуудаа алдаж байна.
-Засгийн газар Үндэсний хөгжлийн газрыг Эдийн засгийн хөгжлийн яам болгон өөрчилсөн. Энэ үед таныг Эдийн засгийн дэд сайдаар томилох санал гаргасныг сонссон. Үндэсний хөгжлийн газрын дэд даргаар ажиллаж, бас дэд сайдын албан тушаалд яригдаж байсан хүний хувьд Эдийн засгийн хөгжлийн яам байгуулахын үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Эдийн засагт төрийн оролцооны, зах зээлийн, уялдаа холбооны гажуудал гэсэн ойлголт бий. Аль ч орны зах зээлд ийм гажуудал байж болно. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах гол үндэслэл нь Засгийн газрын институцуудийн уялдаа холбоог сайжруулах, дунд орхигдоод байгаа асуудлыг эзэнжүүлж, шийдвэрлэх гэж харж байгаа. Үндэсний хөгжлийн газар институцуудын уялдаа холбоог хангахыг зорьж ирсэн. Бодлого талаасаа хөгжлийн бодлого дутагдаж байна гэж үзээд, Хөгжлийн бодлого, түүний удирдлагын тухай хуульд уялдаа холбоог хангах талаар хүртэл оруулсан учир жил бүр хөгжлийн төлөвлөлтийг хийж байна. Аль болох уялдаа холбоог хангах талаас харж байж төлөвлөлт хийх ёстой. Энэ талаас нь харвал Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах зайлшгүй шаардлагатай гэж хувьдаа боддог. Яамд дангаараа хэрэгжүүлж болох төсөл, арга хэмжээнүүд бий. Тэгвэл дунд хугацаанд хэрэгжүүлэх, өндөр үр ашигтай төслүүдэд хэд хэдэн яам дамнасан чиг үүрэг гарч ирж байна. Жишээ нь, агаарын бохирдлыг шийдвэрлэхэд Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын захиргаа хамтарч ажиллах шаардлагатай. Иймэрхүү том төслийг хэрэгжүүлэхэд Эдийн засгийн хөгжлийн яам уялдаа холбоогоор хангах нь зайлшгүй.
-Эдийн засагч Б.Дөлгөөн улс төрийн карьер хөөхөөр шийдсэн шалтгаан юу вэ?
-Үүнийг өгүүлэхийн тулд эдийн засгийг яагаад сонирхсоноо хуваалцах хэрэгтэй болов уу. Би эдийн засгийг 10 жилийн сургуульд байхдаа долдугаар ангиасаа судалж эхэлсэн. Учир нь намайг бага байхад 1990-ээд оны шилжилтийн үед Монгол Улс маш хүнд байдалд байсан. Үүнтэй холбоотойгоор тэр үед их олон хүн ажилгүй болж, гудамжинд гарч, зарим нь хог түүж амьдардаг болсон. Манай үеийнхэн бол мэд нэ дээ, олон ч гэр бүл салж, олон ч хүүхэд өнчирч, траншейны хүүхдүүд гэсэн нэр томъёо хүртэл үүссэн. Бид маш баялаг түүхтэй улс. Үнэхээр Европ хүртэл тэлсэн том гүрэн улс байгуулж байсан хүмүүсийн үр удам мөн юм бол үндэстнээрээ хөрөнгөтэй ч бай, хөрөнгөгүй ч бай ядуу тарчиг амьдарч болохгүй гэсэн нэг хүсэл байдаг. Тиймээс ч Монгол Улсад төр бий бол ядуурлыг үе шаттай бууруулах ёстой гэж бодож явдаг хүний нэг. Энэ хүсэлдээ хөтлөгдөн хөтлөгдсөөр эдийн засгийг судалж, эдийн засагч болсон гэх үү дээ. Харин улс төр лүү орох хамгийн том сонирхол Дани Родрик багш бидний дунд болсон ярианаас үүдсэн. Багш маань надад “Эдийн засагчид зөвлөмжөө боловсруулаад дээд шатны байгууллагад өглөө гэж бодъё. Гэтэл нөгөө зөвлөмжийг нь авч хэрэгжүүлэхгүй орхичихвол эдийн засагчдын буруу” гэж хэлсэн. Би “Эдийн засагчид эдийн засгийн талаас нь хараад энэ бол авах ёстой хамгийн зөв арга хэмжээ гэж зөвлөж байхад улстөрчид түүнийг нь хэрэгжүүлэхгүй улс төрийн шалтгаанаар өөр шийдвэр гаргавал эдийн засагчдын биш, улстөрчдийн буруу” гэж мэтгэлээ. Гэтэл багш “Бид зөвлөмж өгөхдөө нэгдүгээрт, эдийн засгийн онолын талаас нь харах хэрэгтэй, хоёрдугаарт, улс төрийг нь ойлгох ёстой, гуравдугаарт, тухайн зөвлөмжийг хэрэгжүүлэх байгууллага чадвартай байх ёстой. Ийм гурван нөхцөлийг харж байж зөвлөмж өг. Эдийн засгийн зөвлөмж нь улс төрийн дэмжлэг авахгүй, эсвэл тухайн байгууллага нь хэрэгжүүлж чадахгүй бол өгөх зөвлөмж биш” гэж хэлсэн. Товчхондоо, эдийн засгийн агуулга нь бүрэн гүйцэд биш ч хэрэгжүүлж болох зөвлөмж өгөх ёстой байх нь. Энэ яриа улс төрийн нөхцөлийг ойлгож байж хүссэн өөрчлөлтөө авчрах юм байна гэдэг мэдрэмжийг надад өгсөн. “Бүх эдийн засгийн асуудал улс төрийн эдийн засгийн асуудал юм” гэсэн үг байдаг. Энэ үгийг би бодитой гэж бодож байна. Монгол хүнийхээ хувьд бид бүгдээрээ миний амьдралын насанд ядуурлаасаа салчихмаар байна. Ядуурлыг анх цэвэр эдийн засгийн асуудал гэж хардаг байлаа. Тэгвэл одоо улс төрийн эдийн засгийн асуудал юм байна гэж хардаг болсон. Бид зөв бодлого явуулж эдийн засгаа өсгөх ёстой, улс төрийн хувьд нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн оновчтой шийдвэр гаргах ёстой. АНУ-ын залуу ерөнхийлөгч асан Жон Ф.Кенниди “Эх орон тань таны төлөө юу хийх вэ биш, би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж асуу” гэсэн үг байдаг. Би өөрөөсөө асуусан. Дан ганц эдийн засагч байснаар биш, улс төрийг ойлгож мэдсэнээрээ улс орны хөгжилд илүү бодитой хувь нэмэр оруулъя гэж бодсон.
-Анх Ардчилсан намд элсэж, сонгуульд нэр дэвшихээр горилж байсан. Яагаад АН-ыг сонгосон юм бэ?
-Миний найзууд АН-д ч, МАН-д ч байсан. Би Монгол Улс ардчилсан тогтолцоотой, парламентын засаглалтай байх ёстой гэсэн бүрэн итгэлтэй хүн. Ардчилсан тогтолцоог хамгаалахын тулд миний хувь нэмэр аль талд нь илүү хэрэгтэй вэ гэж бодож байгаад нэгийг нь сонгосон нь АН байсан.
-Одоо МАН-ын гишүүн болсон. Эрх баригч намын Засгийн газарт тодорхой албан тушаал хашиж байна. Яагаад намаа сольсон бэ?
-Хэд хэдэн шалтгаан бий. Товчхон хэлэхэд сурсан мэдсэнээ улсын хөгжлийн төлөө зориулахад МАН боломж нээж өгч байна гэж үзсэн учраас элсэж орсон. Үнэндээ эхлээд надаа УИХ-ын сонгуулийн дараа төрийн албанд ажиллах санал ирсэн юм. Төрийн албанд ажиллах нь цар тахалтай хүнд үеийг нуруундаа үүрэлцэх иргэн хүнийхээ үүрэг гэж харсан. Нөгөө талаасаа миний өнөөдрийг хүртэл олсон мэдлэг, чадвар хэрэгтэй юм бол улс, нийгэмдээ зориулъя гэж бодсон. Энэ хүнд үед ачаа үүрэлцэхгүй юм бол сурч мэдсэний хэрэг юу билээ. Төрийн албанд ажиллах саналыг цаг үеэ олсон, улс, нийгэмдээ хувь нэмрээ оруулах боломж олгосон явдал гэж харж, хүлээж авсан. Төрд ажиллах явцад надад нэг зүйл ажиглагдсан нь Монгол Улс хүний нөөцийн талаас нь аваад үзвэл олон намд, ялангуяа хоёр намд хуваагдах боломжгүй юм байна гэсэн бодол. Монголын төр чадварлаг үйл ажиллагаа явуулахад хүний нөөц хангалтгүй байна. Нөгөө талаас бид хамгийн чадварлаг хүмүүсээ бодлого боловсруулах, хэрэгжүүлэх шатанд ажиллуулах тусам дараагийн үедээ илүү гэрэл гэгээтэй нийгэм хүлээлгэж өгч чадна. Ерөнхийд нь харахад МАН-д 1990 оноос хойш хэд хэдэн үеийн шилжилт хийгдсэн байна. Энэ бол тухайн нэг үеийг хариуцлагажуулж, улсын ачааг үүрүүлэх боломжийг олгож, энэ хэрээр шинэчлэгдэж, улсын хөгжлийг ахиулах хүрдийг эргүүлж байна. АН-ын хувьд анх нам, холбоо байгуулж байсан ах нар одоог хүртэл сандал ширээгээ булаацалдаад сууж байгааг харж байна. Яах вэ, эрх мэдэл амар шилждэггүй байх, гэхдээ залуу үед боломж олгохгүй нам дарах бүх л арга хэмжээг авч байна. Үнэхээр харамсалтай. АН-ын ах нарын хувьд одоо тэтгэвэртээ гарч, дараагийн үедээ үүрэг хариуцлагыг нь шилжүүлэх болсон гэдгийг давхар хэлмээр байна. Олон нийтийн дунд барууны үзэлтэй юү, зүүний үзэлтэй юү гэсэн хэлэлцүүлэг өрнөдөг. Би бол эдийн засагчийн үзэлтэй хүн. Бид хамгийн үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэг боддог. Түүнээс биш, халамжийн бодлогыг нэмэгдүүлэх ёстой, эсвэл хасах хэрэгтэй гэсэн бодол байхгүй. Гэхдээ би нийгмийнхээ хамгийн боломж багатай бүлэгт чиглэсэн бодлого баримтлах гэдэгт байр сууриа бататгасан. Тэдэнд боломж гаргаж өгөх ёстой. Боломжийг нь гаргаж өгөөгүй байж “Та нар ажил хийхгүй байна, залхуурлаа” гэж хариуцлага нэхэх нь утгагүй. Нийгмийн чинээлэг хэсэгт олдож буйтай адилхан боломжийг ядуу иргэддээ өгөх ёстой. Боломж нь адилхан нөхцөлд тэнцүү үр дүн нэхэж болно. Гэвч өнөөдөр тийм зүйл алга. Миний хувьд эдийн засгийн магистр цол автлаа намд ажиллаж үзээгүй. Мэргэжлийн хүмүүст МАН боломж олгож байгаа. Үүнийг нэг намын төлөө биш, улсын төлөө хийж байгаа үйлдэл гэж би харж байна. “Шинэ сэргэлтийн бодлого” ч адил. Үүнийг хэрэгжүүлэх нь улсын төлөө гэхээс гадна хэрэгжүүлэгч гол улс төрийн хүчин нь байж чадна гэсэн итгэл үнэмшилтэйгээр МАН-ыг сонгосон.
-Товчхондоо “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж, эдийн засагчийнхаа бярыг үзэх гэж МАН-ыг сонгожээ гэж ойлголоо.
-Бид бүгдээрээ бурханы орныг хэзээ нэгэн цагт зорино. Тэр үед чи МАН-н гишүүн байв уу, АН-ын гишүүн байв уу гэж асуухгүй. Харин чи энэ насандаа юу хийж бүтээсэн бэ, дараа үедээ ямар нийгэм үлдээв, энэ нийгмийг бүтээлцэхэд ямар хувь нэмэр оруулав гэдгээр л дүгнэж цэгнэх вий. Достоевскийн нэг үг байдаг “Хүний амьдрал бол дэлхийгээс диваажин руу явах биш, харин дэлхий дээр диваажинг бүтээхэд оршдог” гэж. Би ярихаасаа хийхийг илүүд үздэг хүн. Бодлого боловсруулах нь ажлын тодорхой хувь. Үүнийг боловсруулахад сурсан эрдэм, мэдлэгээ зориулсан. Гэхдээ хэрэгжүүлэх нь ажлын дийлэнх хувь нь. Өмнө нь Монгол Улсын олон бодлого боловсруулж байсан ч хэрэгжүүлж чадалгүй нураасан нь зөндөө. Нураагаад байгаагийн гол нь шалтгаан улс төрийн хүсэл эрмэлзэл байна уу гэдэгт бий. Бодлого нь байгаад хэрэгжүүлэх эрмэлзэл байхгүй бол ярихаас цаашгүй зүйл болох байх. Өнөөдрийн МАН-ын Засгийн газарт эдийн засгийн шинэчлэл хийх хүсэл эрмэлзэл байна. Энэ нь үүлэн чөлөөний нар шиг тохиох түүхэн мөч ч байж магадгүй. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын багт энэ шинэчлэлийг хийх үйл явцад гар бие оролцохоор итгэл шулуудсан. Тийм, би шинэ үеийг сонгосон.
-Нэгэнт намын гишүүнчлэлтэй болж, улс төрд орлоо. Улс төрийн карьераа хэрхэн төсөөлж байна вэ?
-Өнөөдрийн түвшинд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хурдавчлах, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахын төлөө идэвхтэй ажиллая гэж бодож байна. Үндэсний хөгжлийн газар маань Эдийн засаг хөгжлийн яам болоод, би дэд даргын ажлаа хүлээлгэж өгөх үед нэг зүйл бодогдож байна лээ. Намайг ажлаас гарсны дараа тухайн байгууллагын чадамж буурчих юм бол “Би хувь нэмэр оруулсан гэж хэлэхэд хэцүү юм байна” гэж бодогдсон. Учир нь, миний оруулж буй хувь нэмэр түр зуурынх л байх гээд байгаа юм. Үндэсний хөгжлийн газар байхдаа Харвардын болон бусад хэд хэдэн сургалтад ажилтнуудаасаа хамруулах замаар институцийн чадавхийг нэмэгдүүлэхийг хичээсэн. Институц талаас нь үр дүнтэй ажиллуулах талаар нэлээд бодсон. Төрийн институц миний оролцоон дээр чадавхжиж, надтай, надгүй хариуцсан ажлаа тухайн байгууллага улам чадамжтайгаар хийж байвал энэ бол түр зуурынх биш бодит хувь нэмэр. Ийм хувь нэмэр оруулъя гэсэн бодолтой л байна.