Африкийн Зимбабве улс 14 жилийн өмнө 100 их наяд зимбабве доллартой тэнцэх мөнгөн дэвсгэрт гаргасан нь эдийн засаг нь бүрэн сүйрсний бэлгэ тэмдэг болж байсан. Тэр үеийнх шиг аймшигтай биш ч дахин асар их инфляцтай тулгарсан тус улс хуучин арга барилаар тэмцэхээр шийдэж, алтан зоос гаргав. Тус улсын Төвбанкнаас гүйлгээнд гаргасан алтан зоос нэрлэсэн үнэгүй, харин түүнийг алтны зах зээлийн ханшаар үнэлэх гэнэ. Тодруулбал, нэг зоос нь унци алтны үнэ дээр цутгасны таван хувийн зардлыг нэмсэнтэй тэнцүү байна. Өнгөрсөн долоо хоногийн эцсээр нэг унци алт 1724 ам.доллартой тэнцэж байв. Дэлгүүрт хариулж өгөх мөнгө байвал уг зоосыг энгийн худалдан авалтад ашиглаж болох гэнэ.
Энэ сард Зимбабвегийн жилийн инфляц 190 хувиас давж, Төвбанк нь үндсэн хүүгээ 200 хувьд хүргэжээ. Тус улсын эрх баригчид инфляцын талаар мэдээлэхээ хэдийн больж, зөвхөн шинжээчид хөндлөнгийн дүгнэлт гаргадаг болсон. Тэдгээрийн нэгт дурдсанаар бол 2008 онд инфляц нь 89.7 секстильон хувьтай байсан. Секстильон нь 21 оронтой тоо юм. Эрх баригчид нь ханшийн уналтыг гүйцэхээ байж, 100 их наяд дэвсгэртээр өндөрлөж, эцэст нь 2009 онд Зимбабве үндэсний мөнгөн дэвсгэртээс татгалзан, гадаад валютаар төлбөр тооцоо хийх болсон билээ. Үүнээс хойш 10 жилийн дараа тус улс үндэсний мөнгөн тэмдэгтээ эргүүлэн гүйлгээнд оруулсан ч зах зээлийн ханш нь шууд албан ёсныхоос хамаагүй доогуур болж, одоогийн байдлаар ам.доллар болон гадаадын бусад валюттай харьцах ханш 150 дахин буурчээ.