Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар өчигдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд талууд эрдэс баялгийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, эл салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлаар хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, түүнд салбарын хувийн хэвшлийн саналыг тусгаж хамтарч ажиллах юм байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциац нь өөрийн гишүүн байгууллагуудаас гарсан санал санаачилга, аливаа асуумжийг нэгтгэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд уламжлах, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр уулзалт, арга хэмжээ зохион байгуулах, нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллага, тэдний төлөөлөл зэрэг оролцогчдод уул уурхайн салбарын онцлог, салбарын хууль тогтоомж болон бодит үр нөлөөг таниулахад чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулах, салбар дундын төсөл, хөтөлбөрт талууд харилцан дэмжиж оролцон, хамтран ажиллахаар болжээ.