Улаанбаатар хотоос 860 км зам туулж, Завхан аймгийн Тэлмэн сумд ирлээ. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нуур гол, уул толгод, модот хангай, элс манхан тэгширсэн нутаг санж. Эл нутгийнхан өнөө жил Тэлмэн сумыг үүсгэн байгуулсны 90, 91 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэв. 1931 онд Цэцэрлэг мандал уулын хошууны Жанжинбат, “Сэвжид” гацал уулын хошууны Баясгалант сум, Нөмрөг уулын хошууны Идэр, Цэцэрлэг, Баянзүрх, Баян-Айраг сумаас 500 орчим өрх тасалж, төвийг нь Баруун булаг хэмээх газар байршуулснаар Тэлмэн сумын хөгжил эхэлсэн түүхтэй. Өдгөө Тэлмэн сум Шургах, Өгөөмөр, Нуур, Баян-Айраг, Баянтэгш, Өвөгдий гэсэн зургаан баг, 772 өрх, 3000 орчим хүн амтай. Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас зургаад, газар нутгийн хэмжээгээр 11-д жагсдаг тус сумын түүхт ойн наадмыг үзлээ.
Наадмын өглөө аадар асгарч, мөндөр буув. Гэхдээ төд удалгүй байгаль эх хураа татан, нар ээн, наадам эхэллээ. Сумын цэнгэлдэх хүрээлэнгийн суудал үзэгч олноор дүүрч, хүндэт индэрт төвөөс ирсэн зочид, ахмад настан, сумаас төрсөн алдартнууд тухалжээ. Морьтон залуус наадмын талбайг тойрон нээлтийн үзүүлбэрийг гаднаас нь сонирхох аж. Сумын наадам Төрийн дуулал эгшиглэж, ээжүүд сэтгэлээ шингээн, шивнэн шивнэн сүүн цацал өргөж, түмэн олон, үр хүүхдийнхээ буян заяа, нутаг усаа даатгах ёслол үйлдсэнээр эхэллээ. Улмаар дөрвөн цагийн эргэлтэд аянчин, жуулчин ирж, унд, ус залгадаг, эрэгт нь амарч, сэтгэл юугаан баясган өнждөг Тэлмэн нуурын домгийг хүүрнэх жүжигчилсэн тоглолтоор наадам үргэлжлэв. Эрт цагт таван хар ямаатай эмгэн маш том уудам хөндийд амьдарч байжээ. Тэрээр өдөр бүр худгаас таван хар ямаагаа усалдаг. Худаг усны арвин ундаргатай учир амыг нь байнга битүүлдэг гэнэ. Нэгэн өдөр эмгэн таван хар ямаагаа усалчихаад худгийнхаа амыг таглахаа мартжээ. Ингээд худаг нь халин хальсаар, тэлэн тэлсээр Тэлмэн нуур үүссэн юм гэдэг.
Төрсөн нутаг, өссөн сумынхаа түүхт 90, 91 жилийн ойн наадмыг үзэхээр уугуул иргэд олноор иржээ. Тэлмэний уугуул иргэд нутаг орныхоо эмнэлэгт нь аппарат, багийнханд хөл дүүжлэх мотоциклоос авхуулаад сэтгэлийн өргөлөө ээлж дараалан хандивлав. Харин энэ нутгаас төрсөн урлаг соёлын алдартнууд ая, дууны хадган цэнхэр өргөл өргөлөө. Гавьяат жүжигчин Б.Батболд “Олонтой явсан аав”, “Алтан нутаг”, “Хоёр маргаз уул”-аа дуулж, Гавьяат У.Далантай “Бүстийн цэнхэр нуур”-аа эгшиглүүлж, олон түмний уухайн түрлэгт дарагдлаа. Огшсон олны уухайг түрж, хөтлөгч Бүст нуурын домгийг өгүүлэв. Мөн Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан үдэш нь тоглолт хийж, уран бүтээлийн дээжээсээ толилуулсан.
Хотгойдын Шадар Ван Чингүнжав Манжийн цэрэгтэй байлдаж явахдаа Бүст нуурын оломыг мэддэг учир нуурыг гаталж, дундах ууланд цэргүүдээ байрлуулжээ. Ховдын цагаан түнгээс гарч Орос улсыг зорин, манжийн цэргээс зугтаж явахдаа, хоног тааруулсан нь энэ аж. Тэгээд өглөө босоход нь анчин гөрөөчнөөс айж, үргэсэн ан амьтан нуурын мөсөн дээгүүр сүрэглэн нуурын дундах уул руу айсуйг харжээ.
Шадар ван өөрөө ч зугтан явсан тул айсан үргэсэн бүхнийг орогнуулан авардаг ачтай, тустай нуур юм аа, хөөрхий хэмээн бишрээд, өөдөө харсан сав гэж Алтан тэвшээ дунд ууланд нь булж, нуурын мөсийг цоолж, товчлуур мөнгөн бүсээ хийсэн гэдэг. Тэр цагаас л уг нуурыг Бүст нуур, дундах уулыг нь Алтан тэвш хэмээн нэрлэх болжээ.
Ер нь Тэлмэн сум дурсгалтай, үзэсгэлэнт газар олонтой. Хойд захаар нь Булнай, Буга Өндрийн нуруу, Баянзүрх, баруун урд хэсэгт Хангайн нурууны Хөх чулуут, Цагаан чулуут, Өгөөмөрийн нурууд бий. Хүрэн тал, Наран булаг зэрэг алдарт хөндийтэй. Төмрийн хүдэр, барилгын түүхий эдийн баялагтай. Голын хөндий нуурын орчмоор хиргэсүүр, хүн чулуу олон. Тэлмэн нуурын урдуур элсэрхэг хөрстэй. Хаг, хөвд, алаг өвс, алирс, өлөн, үетэн бүхий нугын ургамалтай, шинэсэн ойтой, зэрлэг гахай, буга гөрөөс, бор гөрөөс, чоно, шилүүс, үнэг, дорго, хярс, чандага, тарвага, туулай элбэг. Ойн тал хээрийн нүүдлийн шувуугаар баян. Жарантайн нуур, Ангирт нуур, Тэлмэн нуур, Бүст цэнхэр нуур гэх мэт нууруудтай билээ.
Идэр, Тэгшийн голыг ховх сорохоор аварга том могой нутгийн хойд зүгээс наадмын талбайг чиглэн айсуй. Үүнийг харсан наадамчин олон айн чичирч, мэргэн харваач баатарт могойн талаар хэлж, тусламж хүслээ. Нутгийн баатар эр морио эмээллэн, нум сумаа агсан хоёр голын урд орших уулнаас могойг харвахад, толгой нь хөсөр унав. Аварга могой чулуу болон хувирчээ. Энэ бол Тэлмэн сумын зүүнтээ уул дамнан үргэлжлэх могой чулууны домог байв. Тэлмэний Соёлын төвийнхөн Могой чулууны домгоос сэдэвлэж, ийн тоглолт дэглэсэн нь үзэгч олныг ихэд хөгжөөлөө.
Түүнчлэн үхэр тэрэгтэй хөсөг, тэмээн жингийн цуваа, адуун соёлыг түгээн дэлгэрүүлэх үзүүлбэр толилуулж, нутгийн олон нь Цогтой вангийн хошууны ноён хатан, гүнж, худалдаачин, бадарчин, Арвантавны цагдаагийн дүрд хувирч, үзэгч олноо баясгалаа. Энэ бол хувьсгалын өмнөх үеийг илтгэсэн зураглал юм. Дараа нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтнууд сум нэгдэл байгуулсан үеийн түүхийг эргэн сануулах үзүүлбэр үзүүллээ. Сумын наадмын нээлтийн сонин хачин ийм байсан бөгөөд орон нутгийнхаа баялаг түүх, домог, өв соёлоо хүүхэд залуус, ирсэн гийчдэд таниулахад чиглэсэн агуулгатай аж.
Ийнхүү наадамчин олон Тэлмэн сумыг үүсгэн байгуулсны 90, 91 жилийн ойн баярын нээлтийг үзсэний дараа хэний хүү бөх хүчтэй, аль морь хурдан, ямар харваач цэц мэргэн болохыг сонирхохоор явлаа.
Наадмын талбайн урдхан хэсэгт гэр буудал, цайны газар, худалдаа үйлчилгээний хэсгийг байрлуулжээ. Тэнд төвөөс ирсэн хүүхдүүд сугалаа татаж, томчууд сур тавьж, морь унан, хүүхнүүд худалдаагаар эргэлдэж байв. Өнөө жил аль ч газар хуушуур ундаа эрэлт ихтэй, үнэ ахиу байсан. Жижиг ус 1500, ундаа хамгийн хямддаа 2500, ширхэг хуушуур 2000 төгрөгийн үнэтэй аж. Тийм хэдий ч худалдаачид ашигтай ажиллаж буйг илтгэж, хүүхэд залуус хуушуур, ус ундаанд оочерлож, урт дараалал үүсгэжээ. Хотын хүүхдүүд хөдөөгийн хуушуурын амттай, мах ихтэйг магтаж байлаа.
Энэ жил Тэлмэн сумын харьяат Г.Цэрэнбалтав, Л.Тэгшжаргал нар Гавьяат багш болжээ. Гавьяат багш Г.Цэрэнбалтавтай наадмын талбайд таарч сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр аймаг, улсын чанартай математикийн тэмцээнд сурагчдаа бэлдэж, тэргүүн, шагналт байрт олонтаа шалгаруулсан, дэлхийд нэрээ гаргасан олон шавь “төрүүлсэн” нэгэн. Тэтгэвэрт гарсан хойноо ч урилгаар хотод очиж, цөөнгүй жил ажиллажээ. Мөн Тэлмэн сумд даам, шатар, цана, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Өдгөө 85 насыг зооглоод буй Г.Цэрэнбалтав гуай нутгийн хүүхдүүд, үр хойчдоо хандаж “Тэмүүлэлтэй, хөдөлмөрч, ажилсаг, сэтгэлтэй байх”-ыг аминчлан захиж, ерөөлөө хайрласан билээ.
Г.Цэрэнбалтав нь 1938 гуравдугаар сарын 18-нд Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг “Алтан булаг ” хэмээх газар төрсөн. Найман нас хүртлээ эцэг эхийн хамт мал аж ахуй дээр ажиллан хурга, тугал, хонь хариулах, аргал, түлээ түүх зэрэг ажил хийж байгаад Нөмрөг сумын 7 жилийн дунд сургуульд орж суралцаад 1954 онд долдугаар анги төгссөн. Завхан аймгийн төвийн 10 жилийн сургуульд орж суралцаад 1957 онд 10 анги төгссөн. Улмаар Улсын багшийн дээд сургуульд Математикийн багшийн ангид орж суралцаад 1961 онд төгссөн. Улмаар эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, Завхан болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд үр бүтээлтэй ажиллажээ.
Сурын талбай хүн ихтэй байлаа. Улс, аймгийн цолтой 130 орчим харваач сумын наадамд өрсөлдөж, эрхий мэргэнээ сорьж буй аж. Тэлмэн сумын уугуул Монгол Улсын Дархан мэргэн Ш.Даваахүү эл наадамд уригджээ. Түүний сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Нутгийн олонтойгоо сайхан наадаж байна. Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр наадам ч баясгалантай сайхан өрнөлөө. Тэлмэн сумын удирдлага сур харваанд ихээхэн ач холбогдол өгч сайхан талбай байгуулж тохижуулжээ. Сур харвааны шинэ талбайтай болсонд сэтгэл ихэд баяслаа” хэмээв. Тэгш ойгоо тэмдэглэж буй сумын наадамд аймгийн мэргэн Содбилэг гавшгайрч 40 сум тавьсанаас 38 онож, түрүүлжээ.
Сумын наадамд улс аймгийн цолтой 128 бөх барилдсанаас Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, Жем интернэшнл ХХК, Завхан дэвжээний бөх улсын харцага Д.Бат-Эрдэнэ долоо даван түрүүлэв. Отгон сумын харьяат Сүлд спорт хороо, Уушгийн баян ХХК, Даян дэвжээний бөх улсын начин Т. Дүгэрдорж зургаа даван үзүүрлэлээ. Мөн Завхан аймгийн Тэлмэний харьяат сумын заан П.Пүрэвсүрэн, сумын заан Н.Бямбасүрэн нар сумынхаа 90, 91 жилийн ойн баяр наадмын үеэр 9-11 насны өсвөрийн бөхийн барилдааныг ивээн тэтгэн зохион байгуулсан нь олны талархлыг хүлээв.
Завхан аймгийн Тэлмэн сумын тэгш ойн баярын хурдан морины уралдаанд Архангайчууд одтой сайхан наадлаа. Дааганы уралдаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат С.Батжанцагийн хонгор даага түрүү магнай болж, унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа. Шүдлэн морины уралдааны түрүүг мөн Өндөр-Улааны харьяат Т.Цэнд-Аюушийн халзан хээр авлаа. Хязаалан насанд Хөвсгөл аймгийн Жаргал сумаас ирсэн Ж.Гомбосүрэнгийн Хээр морь хурдалж, торгон жолоогоо өргүүллээ. Морьдын соёолон насанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Б.Баттогтохын царьдар түрүү магнай боллоо. Азарганы уралдааны түрүү магнайд Завханы Баянтэс сумын Ц.Гэрэлцогтын уясан хул морь хурдаллаа. Их насныхад Завханы Түдэвтэй сумын харьяат Б.Батзаяагийн хар морь хурдалж, торгон жолоогоо өргүүлэв. Түүнчлэн Тэлмэн сумын 90, 91 жилийн ойн баярын хамгийн сонирхууштай хэсэг нь “Могжоохон даагатай жогжоохон хүү” уралдаан байлаа. Тус уралдаанд хот, хөдөөгийн 5-8 насны 13 хүүхэд оролцов. Улмаар даагаа хамгийн зөв залсан хийгээд хувцас эдлэл, ташуур, бугуйл бүрэн хэрэгсэлтэйг нь шалгаруулж, мөнгөн шагнал олгосон юм. Мөн хүүхэд бүрт гарын бэлэг гардуулахад унасан хүүхдүүдийн магнай тэнийж, олон түмнийг баясав.