Манай улс сүүлийн 3-4 жилд жил бүр 1.8 сая орчим тонн цемент хэрэглэж байгаа статистикийг Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлдэг. Үүний дийлэнхийг Хөтөл дэх “Цемент шохой”, МАК, “Монцемент” болон “Мөнхийн баян гал” гэсэн томоохон дөрвөн компани хангадаг гэдэг. “Цемент шохой” нь нийт хэрэглээний 20- 25 хувийг нийлүүлдэг бөгөөд энэ долоо хоногоос ирэх есдүгээр сар хүртэл завсар, үйлчилгээ хийх юм байна. Үүнтэй холбоотойгоор бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах, үнэ өсөх, эсэх талаар Барилга, хот байгуулалтын яамнаас өчигдөр мэдээлэл хийв. Тодруулбал, тус яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг “Цемент шохой” үйлдвэр төлөвлөгөөт засвар, үйлчилгээ хийхтэй холбоотойгоор задгай цементийн нийлүүлэлтээ есдүгээр сар хүртэл зогсоолоо. Энэ хугацаанд шуудайтай бүтээгдэхүүнийх нь хангамж хэвийн үргэлжилнэ. Одоогоор МАК, “Монцемент”, Налайх дүүрэг дэх “Налгар түшиг” компани хэвийн ажиллаж буй. Гол нь цементийн тээвэрлэлтэд онцгой анхаарч байна. Энэ сарын 1-нээс МАК, “Монцемент” үйлдвэр болон Хөтөлөөс төмөр замаар бүтээгдэхүүн тээвэрлэх асуудалд анхаарч, өчигдрийн байдлаар буюу сүүлийн 20 хоногт Улаанбаатарт нийт 1175 вагон цемент татан авсан. Үйлдвэрлэлийн чадал, тээврийн асуудлаас шалтгаалж зарим үед доголдол үүсэж байгааг үгүйсгэхгүй. Цемент тонн нь дунджаар 270 000 төгрөгийн үнэтэй байна” гэв.
Цементийн үнийг бууруулах зорилгоор “Цемент шохой” компани нэг шуудай буюу 50 кг-ыг нь 15 000, МАК-ынхан 22-ын товчоонд байрлах цэгээсээ тонныг 310 000 төгрөгөөр түгээж буйг БХБЯ-наас дурдлаа. Харин барилгын материалын “Гурвалжин” захад өчигдөр “Монцемент” уут нь бөөндөө 18 000 төгрөгийн үнэтэй байв. Жижиглэнгээр авбал үнэ нь өсөх бөгөөд нийлүүлэлт тааруу, 1-2 цэгээр л борлуулж байгааг худалдагчид нь хэллээ. Түүнчлэн “Цемент шохой” компанийн савласан цементийн нийлүүлэлт хэвийн байна гэх боловч бүтээгдэхүүний хэдэн хувийг савлан, хэдийг нь ууталж түгээдэг талаар нь мэдэхгүй гэдгээ Д.Батзориг илэрхийлэв. Юутай ч салбарын яам барилгын материалын гол түүхий эд тасалдахгүй, үнэ нь ч тогтвортой байна хэмээх ээлжит мэдэгдлээ хийлээ.