Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 120, 256 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нөхөрсөг уулзалт зохион байгуулж, нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөв. Нэгтгэл, ангийн хугацаат албаны дайчид хамтдаа Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн цэргийн байр, ангийн штаб, цэргийн гал тогоо, “Алдрын танхим”-аар зочилж, тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Д.Сүхбат Зэвсэгт хүчний ууган ангийн нэг болох танкийн тусгай хорооныхны дайны жилүүдэд болон энхийн цагт байгуулсан гавьяаг танилцуулж, монгол цэргийн ялалт, тэмцлийн түүхээр аялуулав.
Үүний дараа дайчид өөрийн нэгтгэл, ангийнхаа онцлогийн талаар бие биедээ ярьж өгч, авьяаслаг залуус нь ая дууны мэндчилгээгээр нэгэндээ бэлэг барилаа. Дэд түрүүч Ш.Эрдэнэсайхан (256), дэд түрүүч Б.Ням-Очир (016), байлдагч Г.Золбоо (120) нар Зэвсэгт хүчний аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэл”-ийн цогцолбор тэмцээнээр тааралдаж, танилцаж байснаа хуучилж, ижилссэн хувцсаараа ч тэр, эх орондоо өргөсөн тангаргаараа ч тэр нэг л зорилготой эх орны хөвгүүд гэдгээрээ бахархаж буйгаа тодотгон ярилаа.
Хамгийн сонирхолтой нь энэхүү нөхөрсөг уулзалтын үеэр хоёр өөр ангид хуваарилагдсан үеэлүүд ч тааралдаж, хамтдаа дурсгалын зураг татуулж, ар гэрийнхэндээ захидлаар илгээлгэв. Нөхөрсөг уулзалтын төгсгөлд гурван нэгтгэл, ангийн дайчид нэгдсэн оройн тооллого явууллаа.