Британийн эрх баригч Консерватив намын дарга бөгөөд Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчдийн оролцсон, телевизийн хоёр дахь удаагийн мэтгэлцээний дараах санал асуулгаас үзвэл Сангийн сайд асан Риши Сунак үзэгчдээс хамгийн их дэмжлэг авчээ. Өнгөрсөн ням гарагт ITV-гээр шууд болсон мэтгэлцээний дараа “Opinum” компаниас явуулсан санал асуулгын дүн үүнийг нотлов. Судалгаанд оролцогчдын 24 хувь нь Риши Сунакийг ялагчаар нэрлэсэн байна. Хоёрдугаарт парламентын танхимын Гадаад харилцааны хорооны дарга Том Түгэндхат 19 хувийн санал авчээ. Гуравдугаарт орсон Худалдааны дэд сайд Пенни Мордонт 17, дөрөвдүгээрт жагссан Гадаад хэргийн сайд Лиз Трасс 15, тавдугаарт бичигдсэн парламентын гишүүн Кеми Баднок 12 хувийн дэмжлэг авсан байна. Энэ удаагийн хэлэлцүүлгийн гол сэдэв нь Британид амьжиргааны өртөг огцом өссөнийг даван туулах арга зам, татвар, брекситийн үйл явц, олон улсын байдал, байгаль орчны асуудал байв.
Риши Сунак эрх баригч хүчин доторх сунгаанд буюу парламентын доод танхим дахь намын бүлгийн гишүүдийн дунд явуулж буй санал асуулгад ч олонхын дэмжлэг авч яваа. Түүнийг намын бүлгийн 101 гишүүн дэмжээд буй. Маргааш Консерватив намын дарга, Засгийн газрын тэргүүний албан тушаалд нэр дэвшигчдийн тоо таваас хоёр болж цөөрөх бөгөөд үүний дараа тэдний хувь заяаг одоогийнх шиг Доод танхимын гишүүд биш, харин улс төрийн эрх баригч уг хүчний 160 мянган гишүүн тодорхойлно. Риши Сунак намын гишүүдийн дунд нэр хүндтэй учраас эцсийн шатны санал хураалтад түүнтэй хэн өрсөлдөх нь л улс төр судлаачдын анхаарлыг татаж байна.
“НАМДАА ИТГЭХ ИТГЭЛИЙГ СЭРГЭЭНЭ”
Огцрохоо мэдэгдсэн Ерөнхий сайд Борис Жонсонтой зөрчилдсөний улмаас албан тушаалаа орхисон Сангийн сайд асан Риши Сунак Засгийн газрын тэргүүнд өрсөлдөхөө мэдэгдсэн бөгөөд “Намдаа итгэх итгэлийг сэргээж, эдийн засгаа сайжруулж, улс орноо нэгтгэе” хэмээн твиттер хуудсандаа бичжээ. Үүнд тэрбээр өнгөрсөн зууны 60-аад онд Энэтхэгээс Английн Саутхэмптон хот руу шилжин ирсэн гэр бүлийнхээ түүхийг өгүүлсэн дүрс бичлэгийг хавсаргасан байв. Эмч, эмзүйчийн гэр бүлд төрсөн гурав дахь үеийн цагаач Риши Оксфордод боловсрол эзэмшсэн, санхүү, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр мэргэшсэн нэгэн. Тэрбээр жирийн британичуудад өөрсдөдөө болон үр хүүхдэдээ илүү сайхан ирээдүйн тухай мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахын тулд улс төрд оржээ. Түүхэн хамгийн хэцүү үеийг туулж буй вант улсынх нь ирээдүй тайвшруулах үлгэр ярьдаг биш, асуудлыг нухацтай, шийдэмгий шийдвэрлэх, шинэ удирдлагын шийдвэрээс хамаарахыг тэрбээр анхааруулав.
Риши Сунак Сангийн сайдын хувьд гадаад бодлогын асуудлаар бага ярьдаг ч Украинд тусламж үзүүлэх асуудлыг хөндөхдөө Оросын үйлдлийг эрс буруушааж, Киевт их хэмжээний мөнгө хуваарилжээ. Дөрөвдүгээр сарын эхээр Ришигийн эхнэр, түүний гэр бүлийнхэнтэй холбоотой, Энэтхэгийн мэдээллийн технологийн “In¬fosys” компани ОХУ-аас гарах нь тодорхой болсон.
ПАРЛАМЕНТЫН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ГИШҮҮН
Өдгөө 42 настай Риши Сунак Британийн парламентын танхимын хамгийн чинээлэг гишүүн. Түүний хөрөнгө 240 сая ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд 2019 онд Сангийн яамыг тэргүүлсэн үеэс ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхийн тулд өөрийн хөрөнгийн удирдах эрхийг итгэлцлийн санд даатгажээ. Гэсэн ч “баян Риши” хоч нь (1994 оны “Баян Рич” киноноос улбаатай) түүний эхнэр, Энэтхэгийн тэрбумтан Нараяна Муртигийн охин, Акшата Муртитэй ч холбоотой. Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр Акшата 600-900 сая ам.долларын хөрөнгөтэй. “Sunday times” сэтгүүлийн хувилбараар энэ жил тэд хамтдаа Британийн хамгийн чинээлэг оршин суугчдын жагсаалтын 222 дугаарт багтсан байна.
Сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэхэд түүнд хүндрэл бараг үүсэхгүй ч хөрөнгө нь төрийн дээд албан тушаалд хүрэх замд саад болж магадгүй гэж Британийн ажиглагчид тэмдэглэжээ. Өнгөрсөн хавар эхнэр нь Энэтхэг гаралтай Британийн иргэний хувьд татварынхаа ихэнх хэсгийг өөр улсад төлөх боломж олгосон тусгай статустай нь тогтоогдсоны дараа Риши дуулиан шуугианы бай болсон юм. Энэ талаарх олон нийтийн маргаан нь саяхан болтол Б.Жонсоны халааг авах магадлал хамгийн өндөр, “Ковид-19” цар тахлын үед хүн ам, бизнесийг дэмжих талаар Засгийн газраас хэрэгжүүлсэн өгөөмөр бодлогын ачаар эрх баригч намын хамгийн алдартай улстөрчдийн нэг болсон түүний рейтингийг ганхуулжээ. Мөн тэрбээр коронавирусийн хязгаарлалтын үеэр Даунинг гудамжинд болсон үдэшлэгт оролцсон нь “даарин дээр давс нэмсэн” хэрэг болж, дөрөвдүгээр сард цагдаагийн газраас түүнд торгууль ногдуулжээ.
Conservativehome.com цахим хуудаснаас өнгөрсөн сарын сүүлчээр Консерватив намыг дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгаас үзвэл Ришигийн нэр хүнд маш их унасан нь харагдсан аж. Гэсэн ч түүнийг Ерөнхий сайдын албан тушаалын төлөөх хүчтэй өрсөлдөгчид тооцсоор байна. Сангийн сайд асан тэрбээр төрийн өндөр албан тушаалын төлөө өрсөлдөөнд анхлан орсон “хүнд жингийн” нэр дэвшигч болсон юм.