Олон улсын валютын сан дараагийн тайландаа дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг эрс бууруулж болзошгүй байгааг тус сангийн Стратеги, бодлого, дүн шинжилгээний газрын захирал Жейла Пазарбашиоглу Индонезэд болсон “Их-20”-ийн Сангийн сайд нарын уулзалтын дараа мэдэгдсэнийг “Bloomberg” агентлаг уламжлав.
Хүнс, эрчим хүчний үнэ өсөж, хөгжиж буй орнуудын зах зээлд хөрөнгийн урсгал багасаж, цар тахал үргэлжилж, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа өнөөгийн нөхцөлд улстөрчид стратеги боловсруулахад хэцүү болсныг тэрбээр тэмдэглэжээ. ОУВС өнгөрсөн дөрөвдүгээр сарын тайландаа дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлтийн хүлээлтийг 4.4-өөс 3.6 хувь болгон бууруулсан. “Их 20” болон бусад орны санхүүгийн удирдагчдад эрсдэл өсөхөөс зайлсхийх цөөн сонголт үлдсэн гэнэ. Энэ нь өнөөгийн нөхцөлд үнийн өсөлт, инфляцын эсрэг зөв алхам хийх арга зам хайж байгаа Төвбанкуудад ч хамаатай. Индонез бусад орноос ялгаатай нь бодлогын хүүгээ маш доод түвшинд барьсныг “Bloomberg” агентлаг онцолсон байна. Тус улсын эрх баригчид ханшийг хэт огцом, эрт өсгөх нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналтаас саяхан гарсан улс орныг нь стагфляци руу шилжүүлнэ гэж үзэж буй аж.
Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв мэдэгдэхүйц доройтож, тодорхойгүй байдал онцгой өндөр байгааг дээрх уулзалтын уулзалтын үеэр ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева мэдэгдсэн байна. Түүний хэлснээр ОУВС-гийн өмнө нь анхааруулж байсан эрсдэлүүд одоо биеллээ олж байгаа аж.