“Gucci gang”, “I love it”, “Boss”, “Esskeetit” зэрэг олон хит дуугаараа дэлхийд танигдсан реппер Lil Pump ирэх наймдугаар сарын 19-нд болох XMF-д урилгаар ирж дуулахаар болсон. Түүнийг XMF хөгжмийн наадам олон сар хөөцөлдөж байж энэ жил XMF тайзан дээр дуулуулахаар болсон тухай бид өмнө мэдээлсэн. Ямар замаар түүнийг уг фестивальд оролцуулж байгааг Монголын залуучууд таамаг дэвшүүлсээр байгаа юм. Lil Pump хэмжээний дэлхийн одтой холбоо тогтоож чадаад бүүр авч ирэхээр болсон нь итгэмээргүй байгаа юм. Яаж? Дээхэн үед манайд бас Pitbull гэдэг дэлхийн од ирнэ гээд бөөн шуугиан болоод тасалбараа зарж байгаад сүүлдээ албан ёсны сайт дээр нь мэдээлэл нь гарахгүй байсаар ирэх нь худлаа болж, тухайн үедээ үзэгчид бухимдаж, тасалбараа буцааж, зохион байгуулагч ивээн тэтгэсэн байгууллагуудын хооронд бөөн шуугиан хэл ам болж байсан.
Энэ удаа мөн адил Lil Pump ирэх сургаар залуучууд “Битгий худлаа ярь, наад хүн чинь Монголыг тоож ирэхгүй, худлаа маркетинг хийхээ боль” гэж XMF хөгжмийн наадмын Lil Pump-ийн мэдээний доор хүмүүс уурсаж байгаа харагдсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Lil Pump өөрийн албан ёсны Instagram хаяг дээрээ Монголд 8 сарын 19 нд ирэх болсноо зарлажээ. Ингэж л хулихдуулж ханадаггүй манайхан сая нэг итгэл төрж “Үнэхээр ирэхээр боллоо гэж үү” хэмээн одоо хүртэл ярьцгааж байна.
Pump шиг одыг аваад ирэх хэлцэл хийж чадсаныг бодоход XMF аль хэдийнээ дэлхийтэй холбогдож, тоогдож чаддаг болсон гэлтэй. Тэгвэл Pump ирж чадаж байгаа юм чинь дараа жил XMF залуус өшөө дээшээ хэнийг ч авч ирэх боломж харагдаж байна.
Ямартай ч Lil Pump-ийн нэг дуу дуулах үнэ Google-ээс хайхад Монгол мөнгөөр 700 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг аж. Монгол бол алс хол дэлхийн энтэртаймент ертөнцөөс тасарсан хөдөө юм чинь хамгийн өндөр үнээ хэлж ирж байгаа нь ойлгомжтой. Түүнээс гадна замын зардал, ирээд байрлах дээд зэрэглэлийн зочид буудал гээд дагах зардал нь талийж өгөх нь ойлгомжтой.
Хэрвээ Lil Pump-ийг гадаадад очиж үзнэ гэвэл миний бодлоор энгийн иргэд шууд чадахгүй гэж санагдаж байна. Онгоцны тийз, буудал, такси, хоол, тасалбар гээд хичнээн сая төгрөг болохыг таашгүй юм. Харин ирэх нь үнэн болсон энэ үед 69,000 төгрөг төлөөд энэ хүнийг мөн Монголынхоо топуудыг үзчихнэ гэдэг үнэхээр том завшаан мэт.