“Дээлтэй монгол наадам”-ыг маргааш болно. Наадмыг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, "Монгол костюмс" ХХК хамтран зохион байгуулж буй. Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан 16 дахь жилдээ зохиож байгаа наадам Сүхбаатарын талбайд 11:40-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм. Наадмын зохион байгуулалтын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, СУИС-ийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Наадмын хамгийн гол үйл ажиллагаа бол Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал байдаг. Нийслэлийн бүх дүүрэг, хорооны иргэдийн төлөөлөл үндэсний хувцсаараа гоёж оролцдог. Мөн үндэсний хувцасны загварын үзүүлбэр, ардын урлагийн тоглолт, мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ, үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна” хэмээв.
Түүнчлэн зургаан гэр барьж, монгол ахуй, соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэх аж. Мөн 18:00-20:00 цагийн хооронд Дээлтэй диско буюу орчин үеийн залуучуудын дуртай дуучид, хамтлаг, DJ нарын тоглолт болох юм. “Дээлтэй монгол наадам”-д 21 аймаг, 330 сумын иргэдийг оролцуулахаар урилгыг тавдугаар сард хүргүүлжээ. Одоогийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод зэрэг аймгаас 27 иргэн оролцохоор бүртгүүлээд байна.