АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар Индонезийн Бали аралд энэ долоо хоногт болох “Их-20”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр хэлэлцээ хийнэ гэж Америкийн Төрийн департаментаас мэдээллээ.
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй даваа гарагт цахим хэлэлцээ хийсэн бол өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жек Салливан Хятадын дипломатч Ян Зечитэй Люксембургт уулзсан байна.
“Ковид-19” цар тахлаас улбаатай инфляцын өсөлт болон бусад асуудлаас үүдэлтэй эдийн засгийн саад бэрхшээлтэй тулгарсантай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаа Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа цуцлах, эсэх шийдвэрийг хараахан гаргаагүй байна. Гэсэн ч АНУ, БНХАУ-ын удирдагчид ойрын долоо хоногт уулзаж магадгүй байгаа тухай Цагаан ордноос мэдээлжээ.
Э.Блинкен, Ван И нар хамгийн сүүлд Италийн нийслэл Ромд өнгөрсөн аравдугаар сард болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцээ хийсэн. Энэ удаа тэд Украины дайны асуудлыг хэлэлцэнэ гэж “Washington post” сонинд бичжээ.