Монголын соёлын өвийн төв хэмээх, шинэ байранд ороод удаагүй байгаа төрийн байгууллагын өргөөнд соёлын биет бус өвийн “Өв эрдэнэ” театрыг Монголын урлагийн зөвлөл, “Рио тинто” компани хамтран байгуулав. Үүнийг манай улсын ардын авьяастан, соёлыг өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгчдэд тоглолтоо хийж, сургалт зохион байгуулж, концертын бэлтгэл сургуулилалт хийхэд нь зориулж орчин үеийн театрын түвшинд тоноглон, сандал суудлыг нь ч тааруулж өгөв. “Шинэ гэр”-ийн найр өчигдөр болсон юм.
Театр тайзтай. Гэхдээ хол биш. Үзэгчид нь гэрт буй мэт тойрч суудаг юм байна. Ерөөлч, магтаалчдын хэлж буй нь үг, үгээрээ, аялга, аялгаараа ялгарч сонсогдож байна. Хөөмийлж буй хүн амьсгаа авах нь ч тод мэдэгдэх юм. Акустик буюу танхимд дууны сонсогдох байдал ийм сайн. Энэ талаараа бол одоогийн байдлаар манай улсад толгой цохих байгууламж болсон тухай мэргэжилтнүүд ярьж байлаа.
Театрын нээлтийг шинэ гэрийн найр мэтээр зохион байгуулсныг зочид таалав. Найрын дарга дэгийн дагуу хөтлөх зуур айраг сөгнөөч болон аягач бүсгүйчүүд хүндэт зочдод идээний дээж барьсаар байсан юм. Уртын дуучдыг үзэгчид дагаж дуулсны дараа эх орны баруун хязгаараас ирсэн бий биелээчид үзэгчдийн өмнүүр таран зогсоод, билиг танхай аясаар биелэн давлагаалуулахыг харахад аргагүй л шинэ теат-рын эзэд нь тэд юм байна гэсэн сэтгэгдэл төрөв.
“Рио тинто” компанийн зүгээс “Өв эрдэнэ” театрыг байгуулахад 440 сая төгрөг зарцуулсан байна. Төслийг хэрэгжүүлэгч нь Монголын урлагийн зөвлөл аж.
Бэлтгэсэн Р.Оюунаа