Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын гурван чиглэлд нийт 37.9 км хатуу хучилттай авто зам тавьж буй. Уг ажилтай холбоотойгоор Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн авто замын зарим хэсгийг түр хаажээ. Хаасан замын хажуугаар түр зам гаргасан аж. Хөвсгөл нуурыг зорих гадаадын жуулчин, дотоодын аялагч, амрагчдын урсгал эрс нэмэгдэж буйтай холбогдуулан аюулгүй байдлыг хангахын тулд түр замуудын дагуу тэмдэг, тэмдэглэгээ байршуулж, хөдөлгөөн зохион байгуулагч ажиллуулж эхэлснийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв. Түүнчлэн орчны бохирдлыг бууруулах, тоосжилт үүсэхээс сэргийлж үндсэн болон түр замуудыг өдөрт таван удаа усалж байгаа гэнэ. Мөн Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт нэвтрэх хэсгийн хяналтын цэгт QR код бүхий самбарууд байршуулахаар болжээ. Зорчигчид тус кодыг гар утсаараа уншуулснаар түр замуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломж бүрдэх гэнэ.
Бэлтгэсэн М.Оч