Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өчигдөр наадмын зохион байгуулалт, салбар хороодын баримтлах журмын талаар мэдээлэв. Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчилсэнтэй холбоотойгоор Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны баримтлах дүрмийг баталж, орон нутгийн холбогдох албаныханд хүргүүлсэн байна. Монголын үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах асуудлыг 2003 оноос хуульчилсан ч зарим зүйлт, заалт ерөнхий, тодорхойгүй байсан. Тиймээс хуулийг шинэчлэн баталлаа. 1024 бөхийн барилдаанд улсын арслангаас доош цолтой бөх түрүүлбэл Монгол Улсын аварга болно. Улсын арслан цолтой бөх түрүүлбэл улсын даян, үзүүрлэвэл улсын аварга цолтон болох юм. Амжилт гаргасан бөхчүүдэд батламж өгч, сэргээшийн шинжилгээний хариу гарсны албан ёсоор цол олгохоор ярилцсан ч энэ санал дэмжигдээгүй. Тиймээс уламжлалт байдлаар буюу долдугаар сарын 12-нд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгоно. Хэрвээ сэргээш хэрэглэсэн нь нотлогдсон тохиолдолд Ерөнхийлөгч 14 хоногийн дотор цолыг нь хураан, дараагийн бөхөд нөхөн олгох юм. Хойшид сэргээш хэрэглэсэн бөхийн цолыг хураах асуудал жил дамнан үргэлжлэхгүй. Энэ жилийн наадмын үндэсний бөхийн барилдаанд гадаадын 25 бөх зодоглох хүсэлт ирүүлсэн. Тухайлбал, Тува улсаас 15, Халимаг, Буриадаас тус бүр дөрөв, ӨМӨЗО-оос хоёр бөх оролцоно” хэмээн мэдээлэв.
Тэгвэл Хурдан морины салбар хорооны дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах дэд хороо наадам эхлэхээс гурван хоногийн өмнө хурдан морьдыг бүртгэнэ. Хурдан морины комиссынхон энэ сарын 6-наас наадмын талбайд гарч байрлах тул уяачид 7-9-нд морио бүртгүүлэх шаардлагатай. Энэ жил хурдан морины сэрвээний өндрийг хэмжиж уралдуулна. Барианы зүүн талд лед дэлгэц байршуулан, морьдын сэрвээний өндрийг хэмжих үйл явцыг ETV, МҮОНТ-ээр шууд дамжуулан олон нийтэд үзүүлнэ” хэмээлээ.
Бэлтгэсэн Г.Батцэцэг