Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей нь үзмэрийн чанараар улсдаа 5-д ордог бөгөөд үзмэр фондын 60 хувийг Дарьганга дархчуудын мөнгөн эдлэл эзэлдэг байна.
Өнөөдрийн байдлаар музей 10 танхимтай, сан хөмрөгт нь 1215 дэсийн 2110 үзмэр байдаг байна.
Музей нь дарьганга угсааны соёлын өвийг судлах, хүн чулуун дурсгалуудын үзүүллэг дэглэлтийг уламжлал, шинэчлэлтэй хослуулах, музейн үзмэрийг соёлын бүтээлч үйлдвэрлэлд оруулан олон нийтэд сурталчлахаас гадна эдийн засгийн өгөөжтэй байхад нь анхаарч ажиллаж байна.
Жишээ нь, музейд түүх соёлын хосгүй үнэт өвөөр бүртгэгдсэн Дарьганга эмэгтэйн толгойн боолт, үсний хавчаар, Үзэмчин эхнэрийн толгойн гоёл зүүсгэл байдаг. Тэдгээр гоёлыг хувцас загвар, гар урлалын салбарынхантай хамтран бэлэн хувцас, бэлэг дурсгалын зүйлс, ил захидал зэрэг 4-5 төрлийн бүтээгдэхүүн болгож байгаа аж.
Одоогийн музей нь зориулалтын байр биш тул музейн болоод аймгийн удирдлагууд музейг шинээр барьж, Дарьганга өв соёл цогцолбор болгон хөгжүүлэх төлөвлөгөөгөө гаргасан байна.
Иймд, Соёлын сайд Ч.Номин музейн стратеги төлөвлөгөөтэй танилцаж, орчин үеийн музейн чиг хандлагыг дагасан, зөвхөн үзмэр үзүүллэг бус судалгаа шинжилгээ, боловсрол олгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг шингээх зэрэгт анхаарч, ТЭЗҮ-г боловсруулахыг үүрэг болгов.