Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуулийн онцлох заалтуудаас хүргэж байна.
6 дугаар зүйл.Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ
6.1.Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/-ийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
6.2.Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээг дараах этгээд эрхлэхийг хориглоно:
6.2.1.аялал жуулчлал, агаарын тээврийн тасалбарын үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд;
6.2.2.хүн худалдаалах, хүн хулгайлах, өмчлөх эрхийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон хүн, хуулийн этгээд;
6.2.3.төрийн албан хаагч;
6.2.4.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд;
6.2.5.гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хуулийн этгээд;
6.2.6.төрийн бус байгууллага;
6.2.7.шашны байгууллага;
6.2.8.хууль тогтоомжид заасан бусад.
6.3.Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журам, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах захиргааны гэрээний загвар, бүртгэл, тайлангийн маягтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага
7.1.Тусгай зөвшөөрлийг дараах нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгоно:
7.1.1.гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах хүчин төгөлдөр гэрээтэй байх;
7.1.2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, зуучлах үйлчилгээ үзүүлэх ажилтан нь хүн худалдаалах, хүн хулгайлах, өмчлөх эрхийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлд заасан зөрчил үйлдэж байгаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн өргүй байх;
7.1.3.хуулийн этгээд нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлд заасан зөрчил үйлдээгүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн өргүй байх;
7.1.4.зуучлах үйлчилгээ эрхлэх байнгын орон тооны ажилтантай, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний байгууллагад тавигдах стандарт, шаардлагыг хангасан байх;
7.1.5.хуулийн этгээдийн өөрийн хөрөнгийн хэмжээ 300 000 000 төгрөгөөс доошгүй байх;
7.1.6.хуульд заасан бусад.
7.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хэд хэдэн улсад зуучлах үйлчилгээ эрхлэх бол хуулийн этгээдийн өөрийн хөрөнгийн доод хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухай бүр нэмэгдүүлэн тогтоож болно.
9 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл олгох
9.1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүсэлт хүлээн авснаас хойш Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх бөгөөд хянан магадлах шаардлагатай тохиолдолд хугацааг 14 хоногоор сунгаж болно.
9.2.Тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгоно.
9.3.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь ялгагдах онцлог тэмдэг, нэгдсэн дугаар, тухайн хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, ажилтан хүлээн авах улсын нэр, зуучлах зөвшөөрөл олгосон шийдвэрийн дугаар, зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа болон сунгалтыг заасан үнэт цаасан дээр хэвлэсэн баримт бичиг байна.
9.4.Засгийн газар дотоодын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан зарим салбарт зуучлах үйлчилгээ эрхлэхэд хязгаарлалт тогтоож болно.
9.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөлд зааснаас өөр улсад зуучлах үйлчилгээ эрхлэх бол ажилтан хүлээн авах талтай хийсэн гэрээ, уг гэрээг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан тухай баримт бичгийг бүрдүүлэн, тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу гаргана.
9.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл авсны дараа гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээнд өөрчлөлт орсон тохиолдолд ажлын таван өдрийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр мэдэгдэж, бүртгүүлнэ.
9.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд, зуучлах үйлчилгээ хариуцсан ажилтан, хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, байгууллагын хаяг, байршил, харилцах утас, шуудангийн хаяг, цахим шуудангийн хаяг өөрчлөгдсөнийг тухай бүр ажлын таван өдөрт багтаан, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ. Мэдэгдээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.
9.8.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай шийдвэрийг гарсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор гадаадын иргэний, мэргэжлийн хяналтын, улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон хүлээн авагч улсын холбогдох байгууллагад хүргүүлж, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
9.9.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цахим систем ашиглан тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээг цахимаар үзүүлж болно. Цахим системээр зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлэх, цахим системийг ашиглах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15 дугаар зүйл.Зуучлах үйлчилгээний зардал
15.1.Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээгээр тохиролцсон хүлээн авагч тал буюу ажил олгогч хариуцахаас бусад тохиолдолд зуучлуулагч дараах зардлыг хариуцна:
15.1.1.тээврийн зардал;
15.1.2.бэлтгэл, сургалтын зардал;
15.1.3.эрүүл мэндийн үзлэгийн зардал;
15.1.4.гадаад улсын виз мэдүүлэхтэй холбоотой зардал.
15.2.Бэлтгэл, сургалтын зардлын дээд хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
15.3.Энэ хуульд зааснаас бусад төлбөр, хураамж, дэнчин, барьцаа болон хүлээн авагч тал хариуцах зардлыг аливаа хэлбэрээр зуучлуулагчаас авахыг хориглоно.
19 дүгээр зүйл.Мэргэжил, ур чадварыг баталгаажуулах
19.1.Гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихаар бүртгүүлсэн зуучлуулагчийн Монгол Улсад эзэмшсэн мэргэжил, ур чадварын гэрчилгээ, үнэмлэх, дипломыг хүлээн авагч улсаас шаардсан тохиолдолд холбогдох түвшний боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл зохих эрх бүхий байгууллага баталгаажуулна.
19.2.Монгол Улсын иргэн гадаадад эзэмшсэн мэргэшил, ур чадвараа тухайн улсад баталгаажуулаагүй тохиолдолд иргэний хүсэлтээр холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэшил, ур чадварын түвшинг тогтооно.
20 дугаар зүйл.Монгол ажилтныг эх орондоо буцаж ирэхэд дэмжлэг үзүүлэх
20.1.Эх орондоо буцаж ирсэн монгол ажилтан ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, хөдөлмөр эрхлэхэд хууль тогтоомжид заасны дагуу дэмжих, төсөл, хөтөлбөрт хамруулах дэмжлэг үзүүлнэ.
20.2.Энэ хуулийн 20.1-д заасан үйл ажиллагааг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, холбогдох Засгийн газрын тусгай сангийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ.
20.3.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэний эх орондоо буцан ирж хөдөлмөр эрхлэхийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр батлуулж, хэрэгжилтийг хангана.
21 дүгээр зүйл.Гадаад ажилтны ажлын байрны төрөл, ангилал
21.5.Энэ хуулийн 21.3.3-т заасан нарийн мэргэшлийн ажлын байрны жагсаалтыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар хоёр жил тутамд 10 дугаар сарын 01-ний дотор Засгийн газар батална.
22 дугаар зүйл.Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох
22.1.Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар жил бүрийн 10 дугаар сарын 01-ний дотор Засгийн газар тогтооно.
22.2.Энэ хуулийн 22.1-д заасан тоо, хувь хэмжээг тогтоохдоо үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн санал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзана.
22.4.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төв, орон нутгийн захиргааны байгууллага энэ хуулийн 24.1-д заасан ажил олгогчтой бүртгэлтэй ажилгүй иргэнийг ажлын байранд дагалдуулан сургах, ажлын байраар хангах гэрээ байгуулж хэрэгжүүлнэ. Дагалдан сургах ажилтны хувь хэмжээ нь тухайн ажил олгогчийн гадаад ажилтны 30 хувиас доошгүй байна.
23 дугаар зүйл.Гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэхээр урих
23.4.Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй.
31 дүгээр зүйл.Гадаад ажилтныг хөдөлмөр эрхлэхэд чиг баримжаа олгох сургалт
31.1.Ажил олгогч анх удаа Монгол Улсад ирж байгаа гадаад ажилтныг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, ёс заншлын талаар ерөнхий мэдээлэл болон хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай тусгай мэдээллээр хангах хөдөлмөр эрхлэх чиг баримжаа олгох сургалтад хамруулна.
31.2.Гадаад ажилтныг Монгол Улсад хөдөлмөр эрхлэх чиг баримжаа олгох сургалтын зардлыг ажил олгогч хариуцна.
31.3.Энэ хуулийн 31.1-д заасан сургалтын жишиг хөтөлбөрийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
32 дугаар зүйл.Гадаад ажилтны ажлын байрны төлбөр
32.3.Энэ хуулийн 21.2.1, 21.2.3, 21.3.1, 22.5-д заасан гадаад ажилтан, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, спортын байгууллагад гэрээгээр ажиллах эмч, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлийн багш, дасгалжуулагч авч ажиллуулах ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө.
32.4.Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд Засгийн газар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болно.
33 дугаар зүйл.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний мэдээллийн сан
33.1.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний мэдээллийн сан нь монгол ажилтан, гадаад ажилтны цаасан болон цахим мэдээллээс бүрдэнэ.
33.2.Мэдээллийн санг бүрдүүлэх, шинэчлэх асуудлыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
33.3.Мэдээллийн сангийн мэдээллийн ангилал, кодыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний статистикийн хороо хамтран батална.
33.4.Мэдээллийн сан нь төрийн мэдээллийн бусад сантай мэдээлэл солилцох боломжтой байх бөгөөд төрийн мэдээллийн сан хариуцсан байгууллагад дундын мэдээллийн сан үүсгэн ажиллуулна.
33.5.Мэдээллийн сангийн бүрдэл, уг санг бүрдүүлэх, нууцлал, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал, байгууллага хооронд мэдээлэл солилцохтой холбоотой журмыг Засгийн газар тогтооно.