Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, Гаалийн байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бүтцийг бий болгон чадавхыг бэхжүүлэх ажиллагааг эхлүүлээд буй. Дээрх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд “Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасаг” шинээр байгуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус тасгийн үйл ажиллагаа эхлээд удаагүй ч томоохон хэргийг илрүүлээд байна. Тухайлбал Монгол Улсын иргэн “Э”, “Б” нарын бүлэг этгээдүүд нь эртний эд өлгийн зүйл зуучлах гэмт хэргийн шинжтэй хэрэг үйлдсэнийг илрүүлжээ. Тухайлбал, эд мөрийн баримтаар Хүннү, Түрэгийн хожуу хаант улсын Билгэ хааны угсааны иргэдийн эдэлж, хэрэглэж байсан байж болзошгүй археологийн олдвор алтан эдлэл 90 орчим, түүх соёлын дурсгалт зүйл 100 орчмыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар:
1. Монгол Улсын иргэн, 38 настай, эрэгтэй “Э” нь Юань, Түрэг, Хүннү, Хан улсын үед хамаарах толгойн чимэглэл 1, бүсний тоноглол, бүсний унжуурга, хувцасны чимэглэл, амьтны дүрстэй зүүлт, ээмэг, үсний чимэглэл, бөгж, товч зэрэг нийт 90 орчим эд зүйлсийг хууль бусаар олж авсан,
2. Монгол Улсын иргэн 37 настай, эрэгтэй “Б” нь бусадтай бүлэглэн “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс хуучны хийдийн хэд хэдэн туурийг хууль бусаар малтаж зоос, дөрөө, цөгц, бурхан зэрэг нийт 100 орчим эд зүйлийг олж авч, бусдад шилжүүлсэн үйлдэл нь тогтоожээ. Дээрх хэрэгт иргэн “Э”-г Улаанбаатар хотоос, “Б” гэгчийг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан 25.1 Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах, 25.4 Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж, 25.5 Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлахыг хориглоно