НАТО-гийн удирдлага Швед, Финланд улсыг тус эвсэлд элсэхийг урихаар шийджээ. Энэ тухай Мадридад болсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын тунхагт дурдсан талаар ВВС мэдээлэв. "Өнөөдөр бид Финланд, Шведийг НАТО-гийн гишүүнээр элсүүлэхээр урихаар шийдсэн бөгөөд тэднийг элсүүлэх протоколд гарын үсэг зурахаар тохиролцлоо" гэж мэдэгдэлд дурджээ. Эдгээр улс НАТО-д элссэнээр тэдний аюулгүй байдал хангагдаж, эвслийг бэхжүүлж, Атлантын далай дамнасан хамтын нийгэмлэгийн аюулгүй байдлыг хангана гэж уг баримт бичигт онцолжээ. НАТО мөн тус эвслийн “нээлттэй хаалга” бодлогыг баримталж байгаагаа дахин нотлов. Олон жилийн турш төвийг сахих бодлого баримталж ирсэн Скандинавын энэ хоёр улс Оросын зэвсэгт хүчин Украин улсын нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор НАТО-д гишүүнээр элсэх хүсэлт гаргасан юм. НАТО-д шинэ гишүүн элсүүлэхэд бүх 30 гишүүн орон 100 хувь санал нэгдсэн байх ёстой. Гэвч Турк эдгээр хоёр улсыг Курдийн салан тусгаарлагчдыг нутаг дэвсгэртээ орогнуулдаг гэсэн үндэслэлээр тэдний хүсэлтэд хориг тавьж байсан юм.Тэгвэл өчигдөр Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг өнөөдөр Анкара эдгээр улсыг НАТО-д элсэх үйл явцыг дагаж мөрдөнө гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украиныг урт хугацааны цэргийн сөргөлдөөнд бэлтгэхийг уриалсан ч тус улс эвсэлд нэгдэх боломжтой эсэх асуултад хариулсангүй. Мөн тэрбээр Турк, Швед, Финландын удирдагчид Скандинавын эдгээр хоёр улсыг НАТО-д элсүүлэх талаар Анкарагийн эсэргүүцлийг цуцлах тухай санамж бичигт гарын үсэг зурсан нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд эвслийн үүд хаалга нээлттэй хэвээр байна гэсэн дохио юм гэж тэмдэглэсэн байна. “Энэ бол нэгдүгээр сард түүний (Путин) Европын аюулгүй байдлын хэлэлцээр байгуулахыг санал болгосны эсрэг зүйл юм. Тэрээр НАТО-г багасгахыг (ОХУ-ын хилийн ойролцоо) хүсч байсан ч одоо илүү их НАТО-г авах болно" гэж Столтенберг хэлэв.
Бэлтгэсэн: Инда