Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй “Чингисхаан банк” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2022 оны зургадугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ. Нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” ТБАГУТҮГ нь хариуцагч “Чингисхаан банк” ХХК-аас хадгаламжийн гэрээний үүрэгт 27 861 161 753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Тус хэрэгт төрийг төлөөлж прокурор нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Чингисхаан банк” ХХК-аас 27 861 161 753 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.