Дорнод аймгийн прокурорын газраас хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад сурагчдын санал, санаачлагыг тусгах зорилгоор “Хүүхдийн эрх-Миний бодлоор” эссэ бичлэгийн уралдааныг тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Уралдаанд 50 гаруй сурагчдаас бүтээл ирүүлж, амжилттай оролцсон сурагчдыг шагнаж, урамшуулсан байна.
Тэргүүн байр эзэлсэн Дорнод аймгийн 1-р сургуулийн 12в ангийн сурагч А.Амин-Эрдэнийн эссэг хүргэж байна.
Хүүхдийн эрх-Миний бодол
Хүүхдийн ертөнцийг би өөгүй тунгалаг болортой адилтгана. Гайхалтай сайхан хэрнээ эмзэгхэн тэр үнэт эрдэнийг нандигнан хайрлахгүй бол хэдэн хэсэг болчхож мэдэх учраас хоёр гартаа атгаад унагахгүй барих үүргийг томчууд хүлээдэг. Харамсалтай нь бидний эргэн тойронд эмтэрч цуурсан, хагарч бутарсан болор шилнүүд дэндүү олон. Ерөөс хүүхэд гэдэг үргэлж хайрлан хамгаалж, асарч халамжлах шаардлагатай тийм л нандин бодгаль, тийм л гэгээн оршихуй ажээ.
1989 онд бөмбөрцөг дэлхийн улс орнууд “хүүхдийн эрхийн конвенц”-оор дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалахаар нэгдэцгээжээ. Манай гараг дээрх бүх хүн эрхтэйн адил хүүхдүүд ч мөн эрхтэй. Хүүхдийн эрх гэдэг нь хүүхдийг эрүүл аз жаргалтай амьдрахад тусалж байгаа бүх зүйлийг хэлнэ. Хүүхдийн эрхийн тухай конвенцод хүүхэд гэж хэнийг хэлэх, тэд ямар эрх эдлэх, тэдгээр эрхийг хэрэгжүүлэхэд төр ямар үүрэгтэйг тайлбарласан байдаг. Хүүхдүүд бид хэн болох, хаанаас гаралтай, ямар хүйстэйгээс үл хамаарч хоол тэжээлээр хангагдах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, сурч боловсрох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хор хөнөөл учруулж болзошгүй бүхий л зүйлээс хамгаалагдах эрхтэй. Хүүхдийн бүх эрх хоорондоо салшгүй холбоотой, бүгд эн тэнцүү ач холбогдолтой, тэдгээрийг хүүхдээс булаан авах эрх хэнд ч байхгүй.
Харамсалтай нь өнөөдрийн нийгэмд хүүхэд бид эрхээ хангалттай эдэлж чадахгүй байна. Ялангуяа манай улсын нөхцөлд хүүхдийн эрх хүүхдийг төрсөн цагаас нь л зөрчигдөж байгаа гэхэд хилсдэхгүй. Төрийн үйлчилгээ авах эрхтэй атал эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь хомсдолтой. Эрүүл саруул амьдрах эрхтэй атал агаар, хөрс, ундны ус нь бохирдолтой. Найдваргүй тоглоомын талбай дээр гэмтэж осолдох эрсдэлтэй. Замбараагүй авто замын хөдөлгөөнд амиа алдах аюултай. Хаа сайгүй үйлдэгдэх хар дарсан зүүд мэт хүчирхийллүүд, бяцхан зүрхний итгэл найдварыг унтрааж чадах томчуудын буруутай үйлдлүүд. Хүүхдэд ээлгүй орчин тойронд хүүхдүүд бид өсөж, хүмүүжсээр. Эх орны ирээдүй хойч ийм л нийгэмд төлөвшсөөр. Юутай эмгэнэлтэй, юутай гунигтай.
Ер нь хүүхэд бидний эрх яагаад зөрчигдөж байна вэ? Хуулиар хамгаалагдсан эрх минь юуны улмаас хэрэгжихгүй байна вэ? Миний бодлоор манай ард иргэдийн хайнга байдал үүнд маш их нөлөөлж байна. Томчууд хүүхдийн эрхийг зөрчсөн тухай интернэт дэх нийтлэлийг хэдэн мянгаараа үзэж уур бухимдлаа илэрхийлдэг хэрнээ яг ижил бодит явдлыг хамрынхаа доогуур өнгөрөөчихдөг нь үнэн. Хамгийн наад захын жишээ нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр бөгөөд өрх гэрээ авч явах, гэр бүлийнхнээ тэжээн тэтгэх хүнд ачааг нуруун дээрээ үүрсэн маш олон хүүхэд бидний эргэн тойронд байна. Хөндлөнгийн хүний нүдээр тэд энгийн л хүүхэд шиг харагдавч үнэндээ хүүхэд насаа булаалгаж буй хохирогчид билээ. Мөн тэд өөрсдөдөө нэн шаардлагатай туслалцаа дэмжлэгийг авч чаддаггүй. Хэрэв хүн бүр эргэн тойрондоо хүүхдийн эрх зөрчигдөж буй эсэхэд хяналт тавьж чадвал энэ мэт зөрчлөөс хамгаалж болно. Дараагийн шалтгаан нь хүүхэд бид эрхийнхээ талаар хангалттай сайн мэддэггүйгээс болж түүнийгээ хэрэгжүүлж, хамгаалж чадахгүйд хүрдэг. Гэтэл бидний оролцоо үүнд асар чухал бөгөөд өөрсдийн эрхийг мэдэж, түүнийгээ зөрчигдсөн тохиолдолд зохих арга хэмжээг заавал авах ёстой. Хэрэв бидний эрх зөрчигдвөл бид насанд хүрсэн хүнд эсвэл хүүхдийн тусламжийн 108 утсанд дуудлага өгч болно. Мөн сургуулийнхаа нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагат ч хандаж болно. Ерөөс бид үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх хэрэгтэй. Өөртөө, найздаа, ах эгч, дүү нартаа тулгарсан асуудлыг шийдэхийн тулд зоригтой бас хүчтэй байж өөрийн үгсээ хэлж чаддаг байх учиртай. Хэрэв бид идэвх санаачилгатай, оролцоо ихтэй байвал бидний эсрэг үйлдэгдэж буй бүхий л үйлдлийг таслан зогсоож чадна. Чухам бид л энэ нийгмийн харанхуй талыг гэрэлтүүлж, ирээдүйн сайн сайхныг бүтээх их үйлсийн эзэд юм.
Цэнхэр гарагийн бяцхан үрс ашид жаргалтай, мөнхөд амгалан байж, гэгээн тунгалаг сэтгэлээрээ тив дэлхийг баясгаж байг.