Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа нарыг томилох, эсэхийг УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, санал хураасан ч гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Тэдний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргасан шинжээч болон байнгын хорооны зүгээс тэднийг дэмжээгүй бөгөөд З.Цогтгэрэл, Ч.Нарантуяа нар ч тус хуралдаанд шалтгаангүйгээр хүрэлцэн ирсэнгүй.
Мөн Ш.Адьшаа нарын 26 гишүүний өргөн мэдүүлсэн Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолыг батлав. Ингэснээр хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох, дээрх асуудлын талаар санал боловсруулах үүрэгтэй түр хороо байгуулж байна.
Ташрамд дурдахад, энэ сарын 18-26-нд УИХ-ын чуулганыг түр завсарлуулан, гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар тойргийн иргэддээ мэдээлэл өгч ажиллах гэнэ.