Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхийн тулд олон улсын туршлага, шинэлэг, оновчтой арга барил, гадаад улс оронд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэгч, зуучлагч, худалдан борлуулагч гэмт этгээдүүдийн үйлдлийн арга, хэлбэр, оролцоог цаг үргэлж нарийвчлан мэдэх шаардлагатай. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэс, Хар тамхитай тэмцэх газар хамтран гэмт хэрэгтнийг илрүүлэх мэдлэгээ бататгах, ашиглаж буй техник, тоног төхөөрөмж, арга тактикийн талаар мэдлэг, мэдээллийг чиглэл хариуцсан алба хаагчдад олгох зорилгоор “Хар тамхины гэмт хэргийг мөрдөн шалгах арга техник”, “Хар тамхины гэмт хэргийг мөрдөн шалгахад удирдлагын оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалтад Хар тамхитай тэмцэх газар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн мөрдөгч, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Дотоод хэргийн их сургууль болон Гаалийн ерөнхий газрын чиглэл хариуцсан алба хаагчид хамрагдаж буй. Сургалтыг АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаны тусгай ажилтан Брайн М.Мэрфи, тасгийн дарга Жон Э.Расмуссен, Томас Гай Смит, Жан Жейсон Клотьеэ, Брайн Шройдер, бүлгийн удирдагч Жефрий С.Макдоналд нар зааж байгаа юм.