Британи зэрэг орны судлаачдын дүгнэлтээр хүүхдүүдийн 80 хувь нь өдөрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурав дахин их элсэн чихэр хэрэглэдэг аж. Британийн өдөр тутмын “Telegraph” сонинд олон хүүхэдтэй нэг ээжийн ярилцлага нийтэлжээ. Тэрбээр хоёр долоо хоногийн турш хүүхдүүддээ элсэн чихэр болон элдэв чихэр өгөөгүй. Мөн хоолондоо энэ төрлийн бүтээгдэхүүн огт хийгээгүй гэнэ. Харин жимс, сүү, үр тарианы талхыг хориглоогүй бөгөөд энэ хугацаанд нийтийн хоолны газраас захиалж идэхээс татгалзжээ. “Хүүхдүүд сургуулийн үдийн хоолоор л бага зэрэг амттан идсэнийг эс тооцвол манай гэр бүлийнхэн 14 өдрийг чихэргүй өнгөрүүлэхэд маш их өөрчлөлт гарч эхэлсэн. “Амтгүй” амьдрал хүүхдэд амар тайван байдлыг өгдөг юм байна. Сүүлийн үеийн судалгаагаар 10 сурагч тутмын дөрөв нь жингийн илүүдэл, таргалалттай байгааг тогтоосон байна. Манай хүүхдүүд ч ялгаагүй хэвийн жингээсээ хэтэрсэн. Тиймээс би тодорхой хугацаанд элсэн чихрийн хэрэглээг нь хянаж туршихад хамгийн эхлээд мэдэгдсэн зүйл нь уцаар багатай болсон. Багачуудын хувьд харьцангуй тогтвортой, “чих нь зөөлөрч” ирсэн. Ингээд туршилтын хугацаагаа нэг долоо хоногоор сунгахад хүүхдүүд минь чихэр нэхэхээ болих төлөвтэй байгаа. Тэгэхээр жимс, байгалийн гаралтай чихрийг түлхүү хэрэглэж, үйлдвэрийн элсэн чихрээс бүр мөсөн татгалзах нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд онцгой сайн байх нь ойлгомжтой” хэмээн тэр ээж ярьжээ.