Цар тахлын аюул “буцаагүй”, намжих ч төлөвгүй байгаа энэ цаг үед монголчууд халдвар хамгааллын дэглэм сахихаа больж, айдгаа “авдартаа түгжчихжээ”, дэндүү хариуцлагагүй. Гудамж, талбай, дэлгүүр, худалдааны төв, автобус, албан байгууллагуудад, ер нь хаа сайгүй амны хаалтгүй хүмүүс. Энд ч арга хэмжээ, тэнд ч тэмцээн, уралдаан, баяр, тэмдэглэлт өдөр гэж бөөгнөрч, цугласан олны дунд амны хаалтгүй нь олонх. Баар, цэнгээний газарт бол халдвар хамгааллын дэглэм бүр сураг ч алга.
Дэлхий нийтээрээ коронавирусийн халдвараас хамгаалж, дэглэм сахисан хэвээр байхад монголчууд бид л ингэж назгайрч, өвчнийг үл тоох болсон нь сэрэмжлүүлэг, мэдээлэл суларсантай шууд холбоотой. Нэг хэсэг коронавирусийн халдварын талаар, хэрхэн сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм яаж сахих вэ гэхчлэн өдөр бүр “ба, бэ”-гүй мэдээлж байсан нь олон нийтэд чухал сэрэмжлүүлэг болж чадаж байв. Үүний үр дүнд нийтээрээ амны хаалт зүүж, гарын ариун цэвэр сахиж хэвшээд байлаа. Түүнчлэн эл өвчний шинэ тохиолдлууд, үүнээс шалтгаалсан нас баралт хэдээр нэмэгдэв гэхчлэн нэгбүрчлэн дэлгэж, “хэрэгтэй, хэрэггүй баахан статистикаар булсан” нь ч маш зөв зүйтэй ажил байсан гэдэгтэй өдгөө олон нийт санал нийлэх буй за.
Тухайн үед дэндүү нуршуу мэдээлж, үргүй зардал гаргаж байна хэмээн унтууцах хүн олон байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ нийгмээрээ хөдөлсөн кампанит ажил, сурталчилгааны хүчинд бид ямартай ч халдвар хамгааллын дэглэм сахих нь ямар чухал болохыг мэдэрсэн.
Гэтэл өнөөдөр аюул аль хэдийн үгүй болсон мэт аашилж, ёстой л сүх далайтал үхэр амар гэдэг шиг байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ийм задгай, назгай байдал улам мэдрэгдэв. Баяр тэмдэглэж яваа хүүхэд, томчуудын дунд амны хаалттай нь бараг харагдсангүй. Чухам энэ өдрийн байдлыг тодотгон дурдсан нь учиртай. Томчууд бид өөрсдийгөө эрсдэлд оруулахаа юман чинээ тоохгүй байж “болох” ч элдэв өвчин тархах, халдварлах аюултай орчин руу үр хүүхдүүдээ амны хаалтгүй хөтлөөд орсон нь үнэхээр аймшигтай байлаа. Аав, ээж нараас эхлээд албаныхан гээд бүгд “Хүүхдүүд ээ, цар тахал бол юу ч биш” гэж хэлж, уриалж, уруу татаж, бурууг сурталчилсан гэхэд хилсдэхгүй. Энэ жилийн хувьд бүх нийтээрээ баярыг өргөн хүрээнд тэмдэглэх “нээлтийг” зургадугаар сарын 1-нд ёслол төгөлдөр хийлээ гэж харав. Удахгүй болох наадмаар улам өргөн бүрэлдэхүүнтэй баярлан, энэ удаагийнх шигээ амны хаалт, ариун цэвэр, халдвар хамгааллыг өчүүхэн ч тоохгүй цэнгэх нь лавтай.
Хэд хоногийн өмнө ийнхүү хүүхэд, хөгшидгүй бужигнасны “шанд” хэдэн хүн цар тахлаар халдварлаж, бусдад дамжуулсныг таашгүй. Цаашлаад “Ковид-19”-ийг хэрхэн даамжруулсныг ч мэдэхгүй. Халдвар авсан хүний тоо өнгөрсөн хэд хоногт хэдээр нэмэгдсэн талаар мэдэх боломж ч алга. Зөвхөн сүүлийн хэдэн өдөр гэлтгүй өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш Монгол Улсад “Ковид-19”-ийн нөхцөл байдал ямар байгаа, өдөрт хэчнээн тохиолдол батлагдаж, нийт хүн амын хэдэн хувь нь эл өвчинд нэрвэгдсэн зэрэг тоон үзүүлэлт, мэдээлэл авах ямар ч боломжгүй болсон юм. Учир нь ЭМЯ-ны цахим хуудсаар цар тахлын нөхцөл байдлын хоногийн тоон үзүүлэлтүүд, халдварын талаар дэлгэрэнгүй мэдээлэхээ болиод сар гаруй хугацаа өнгөрч буй. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш монголчууд “Ковид-19”-ийн дотоодын халдварын талаарх мэдээллийн хомсдолд орсон. Мэргэжлийн толгой байгууллагынх нь ийм “дүлий” байдал иргэдийг төөрөгдөл, эндүүрэлд оруулж, “Цар тахлыг ялсан” мэтээр ойлгоход хүргэснийг үгүйсгэхгүй. Тийм биш бол яалаа гэж үр хүүхдүүдээ дагуулаад бүгдээрээ ямар ч хамгаалалт, дэглэмгүй бужигнах билээ.
Бид ийнхүү цар тахалд сатаарах завгүй баярлаж, нийтээрээ “холилдох” зуурт дэлхийн хэмжээнд “SARS-CoV-2” вирусийн халдвар тархсаар байгааг ДЭМБ болон олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлсэн хэвээр. Тэр дундаа Хятад, Солонгосын хойгт буюу бидний хаяанд энэ өвчний тархалт эргээд идэвхжиж байгааг дэлхийн хэвлэлүүдэд сануулсаар буй. ДЭМБ-ын мэдээллээр өнгөрсөн тавдугаар сарын 20-ноос энэ сарын 4 хүртэлх 14 хоногийн байдлаар манай улсад халдварын батлагдсан нийт тохиолдол 469 885 болжээ. Түүнчлэн өдгөө 154 450 иргэн “Ковид-19”-ийн халдварын улмаас эмчлүүлж байгаа бол эл шалтгаант нас баралт 2179 гэж бүртгэгджээ. Тэгвэл ЭМЯ-ны сайтад дөрөвдүгээр сарын 29-нд буюу “Ковид-19”-ийн халдварын талаарх мэдээллийг хамгийн сүүлд мэдээлсэн өдрийн статистик үзүүлэлтэд эл тоо 2110 байжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сар гаруйн хугацаанд Монгол Улсын 69 иргэн коронавирусийн халдварын улмаас нас барсан гэсэн үг. Ердөө 30 гаруй хоногт ийм олон хүн эл өвчнөөр таалал төгссөн гэдгийг бултаараа мэдээгүй л өнгөрч. Энэ мэт мэдээллийг олон нийтэд өмнөх шигээ хүргэсээр ирсэн бол нийтээрээ шахам амны хаалтгүй зорчих нөхцөл байдал үүсэхгүй байсан болов уу. Огт мэдээлэлгүй байхын уршиг нь энэ бөлгөө.
Манай хоёр хөршийн хувьд ч “SARS-CoV-2” вирусийн тархалт сэтгэл зовоох хэмжээнд байсаар. Хойд хөршид гэхэд өнгөрсөн пүрэв гарагт “Ковид-19”-ийн 3500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, сүүлийн долоо хоногт эмнэлэгт хэвтсэн хүний тоо 2.8 дахин нэмэгдсэнийг мэдээлсэн байна. Урд хөршийнхөн эл өвчнийг “тавиад туучихгүйн” тулд халдвар хамгааллын өндөржүүлсэн бэлэн байдал, хатуу дэглэм, хөл хорио зэргийг өвчлөлийн байдалтай уялдуулан чангалж, сулруулах зохицуулалттай явж ирэв. Жишээ нь, “Ковид-19”-ийг үүсгэгч вирусийн омикрон B.2 хэмээх хоруу чанар бүхий дэд мутацын дэгдэлтээс болж Шанхай хотынхон сүүлийн хоёр сар гаруй хугацаанд хөл хорионд, хатуу дэглэмийн доор байлаа. Энэ хугацаанд тус хотод 600 гаруй хүн эл өвчнөөр нас баржээ. Улс болон хотын удирдлага цар тахалтай тэмцэх бодлогоо тууштай, хатуу баримталж ирсний үр дүнд аюулыг холдуулсаар байгаа талаар Шанхайн иргэд ярьсныг олон улсын зарим хэвлэл онцолжээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед төрийн бодлого ямар чухлыг дэлхийн хэвлэлүүд ийнхүү онцолж буй хэрэг. Гэтэл манай удирдагчид бодлогоо “мартчихаад” иргэдээ зөнд нь хаяв бололтой.
Мэдээлэл нь цаг үетэйгээ холбогдон байнга шинэчлэгддэг “Worldometers”-ийн хяналтын хуудсанд тэмдэглэснээр энэ сарын 3-ны байдлаар дэлхий даяар “Ковид-19” өвчнөөр нас барсан тохиолдол 6 317 436 (өдөрт дунджаар 1664-өөр нэмэгдэж буй)-д хүрч, 534 сая гаруй хүн халдвартай нь тогтоогдоод байна. Эл өвчин намжих болоогүйг гэрчлэх мэт БНАСАУ-д халдвар оргил үедээ хүрч, өнгөрсөн тавдугаар сарын дунд үеэс уржигдар хүртэлх хугацаанд бараг гурван сая тохиолдол батлагдаад буй. Энэ сарын 2-ны мэдээллээр халдварын тоо хоногт 100 мянгаар нэмэгджээ.
Тэгвэл 2022 оны эхний таван сарын хугацаанд дэлхий даяар бүртгэгдсэн “Ковид-19”-ийн тохиолдлын тоо цар тахал эхэлснээс хойших нийт өвчлөлийн 45 хувь болохыг ОХУ-ын доктор Анатолий Алтштейн нэгэн ярилцлагадаа дурдсан нь аюул ямар хэмжээнд байгааг илтгэнэ. Ийм байхад олон нийтийн газарт амны хаалтгүй зорчих тухай бодох ч хэрэггүй. Дээрх доктор “Арванхоёрдугаар сарын дунд үеэс гуравдугаар сар хүртэл хүчтэй оргил үе байсан. Энэ он гарснаас хойш таван сар гаруй хугацаанд дэлхийн 237 сая хүн коронавирусээр халдварлажээ” гэснийг сануулъя. Түүний дурдсан тоо баримт “Ковид-19”-ийн шинэ давлагаа эхэлж болзошгүйг ч сануулж байх шиг. Тиймээс бүгдээрээ амны хаалтаа зүүж, халдвар хамгааллыг чандлан сахиж, өмнөх шигээ хариуцлагатай, ухамсартай байхыг сануулан, уриалахд илүүдэхгүй биз ээ.
Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ