ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл хавдарт өвчин болон хэрхэн эмчилдэг талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Манай улсад хавдарын жилд бүртгэгдэх үзүүлэлтээсээ шалтгаалаад Хавдар судлалын үндэсний төвд эмчилгээгээ хийдэг. Орон нутагт хавдрын эмч нар ажилладаг хэдий ч тэнд хими болон мэс заслын эмчилгээ хийх нөхцөл байдал бүрдээгүй гэж хэлж болно.
Өнгөрсөн онд 6000 гаруй хавдрын шинэ тохиолдол оношлогдсон. Улсын хэмжээнд одоогоор 34 мянга гаруй хүн хавдартай нь оношлогдож, эмчилгээ хийлгэж байна. Идэж ууж, хэрэглэж байгаа зүйлсээс шалтгаалж хавдарын тохиолдол жилээс жилд нэмэгдэж буй. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар манай улс 2040 он гэхэд жилд хавдартай 11 мянган хүн оношлогдоно гэсэн тооцоолол бий. Иймд бид ирээдүйгээ харсан төлөвлөлт хийж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, ХСҮТ-д мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээг хийж байгаа ба анхан шатны мэс засал, оношилгоо, протоколын эмчилгээний төвийн хими эмчилгээг орон нутагт хийх зорилготойгоор хавдрын тасаг байх нөхцөлийг бодлогоор дэмжих юм.
Мөн Монголд жилд 100-130 орчим хүүхэд хорт хавдартай гэдэг нь оношлогддог. Өнөөдрийн байдлаар 405 хавдартай хүүхэд эмчилгээ хийлгэж, хяналтад байна" гэх мэдээллийг өглөө.