Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС) өнөө, маргаашгүй дампуурахдаа тулсан гэвэл та итгэх үү. Засаг, төрийнхний одоогийн бодлого, шийдвэрийн үр дагавраар ийм аюул хэтдээ нүүрлэнэ хэмээн эрдэмтэн, судлаачид таамагласан ч ингэж хурдан “хаалга тогшино” чинээ хэн ч төсөөлөөгүй биз ээ. Уншигчид магадгүй “Даатгалын сан яагаад дампуурна гэж” хэмээн гайхаж магадгүй. Учрыг нь одоо тайлбарлая.
Манай улсын эрүүл мэндийн салбарын зөвхөн тусламж, үйлчилгээний зардал нь өнгөрсөн онд түүхэндээ анх удаа их наяд төгрөгөөс давжээ. Үүнд салбарын барилга, байгууламжийн засвар, шинэчлэл, автомашин, тоног төхөөрөмжийн худалдан авалт, эмч, ажилтнуудын цалин, хангамж зэрэг зардал ороогүй гэсэн үг. Жишээ нь, 2019 онд тусламж, үйлчилгээний эл зардал 655.8 тэрбум төгрөг байсныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас харах боломжтой. Энэ нь тухайн үед салбарын нийт санхүүжилтийн 91 хувийг эзэлсэн үзүүлэлт байж. Тэгвэл эрүүл мэндийн холбогдох хууль, тогтоолын шинэчлэлийн хүрээнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, тэдгээрийн үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээ бүрийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон өнгөрсөн онд уг зардал нэг их наяд 353.2 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Эл мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос авсан юм. Тодруулбал, тусламж, үйлчилгээний зардал ганцхан жилийн дотор ийнхүү 2-3 дахин өсчихөөд байна.
Эрүүл мэндийн салбарын үр ашиг, үйлчилгээний хүртээмж, чанар нь өнөө хэр төдийлөн ахиагүй ч төсөв, санхүүжилтийг нь өнгөрсөн хугацаанд тасралтгүй нэмэгдүүлсээр ирэв. Тодруулбал, тус салбарын нийт зардал 2010 онд 250.3 тэрбум төгрөг байсан бол эл үзүүлэлт 2019 онд 823 тэрбум болж өсжээ. Гэхдээ сүүлийн 20 жилд эрүүл мэндийн байгууллагуудын иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөр лав их наяд давж байгаагүйг судалгааны олон баримт “хэлж” байна. Хамгийн гол нь төсөв, зардал тэлж байгаагийн хэрээр иргэд, даатгуулагчид үүний үр ашгийг шууд хүртэх ёстой. Энэ бол зах зээлийн энгийн зарчим. Гэвч өдөр, хоногоор “урсаж” буй энэ их зардлын ашиг шим, хүртээмж нь хаана байна вэ. 2020 онд шинэчлэн баталсан эрүүл мэндийн багц хуулийг дагаж, санхүүжилтийн тогтолцоонд нь ийнхүү өөрчлөлт оруулснаар зардал нь л “туйлсаар” байгааг мэдээлэх.
Манай улс эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлсэн нь 2020-2021 он. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) стратегийн ганц худалдан авагч болоод буй. Үүнийг зайлшгүй хийх ёстой шинэчлэл гэдэгтэй эмч, ажилтан, эрдэмтэн, судлаачид ч санал нийлсэн. Стратегийн худалдан авагч гэдгийг энгийнээр тайлбарлавал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний, эмийн үнийн хөнгөлөлтийн, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ, үндэсний хөтөлбөрүүдийн зэрэг эрүүл мэндийн бүх үйлчилгээний санхүүжилтийг үүнээс өмнө нь өөр өөр эх үүсвэрээс олгож ирсэн. Тодруулбал, нийт санхүүжилтийн тодорхой хувийг ЭМДС-гаас, нөгөө хэсгийг нь улсын төсөв, заримыг нь бусад эх үүсвэрээс бүрдүүлж, зарцуулж байв. Харин салбарын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн эрүүл мэндийн салбарын иргэдэд үзүүлж буй бүх тусламж, үйлчилгээний санхүүжилтийг ЭМДЕГ-т төвлөрүүлэн, хуваарилдаг болсон юм. Үүнийг нэг худалдан авагчийн тогтолцоо гэж нэрлэж буй. Олон жил ярьж, төлөвлөсөн энэхүү шинэчлэлийг зөв зүйтэй хэрэгжүүлбэл нийт хүн амд эмнэлгийн үйлчилгээг өрхийн эмчээс эхлээд зохих шатлалд чанартай, чирэгдэлгүй үзүүлдэг болох юм. Үүнээс гадна эрх баригчдын эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх шийдвэр гаргасан өөр нэг том хүчин зүйл нь иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн хямралд орох, ядууралд өртөхөөс нь сэргийлэх явдал гэж сурталчилсан. Харамсалтай нь, өдгөө энэ бүхэн “эсрэгээрээ” хэрэгжиж, иргэд, даатгуулагчид эрүүл мэнддээ өмнөхөөсөө ч их мөнгийг төлөх болчихоод байгаа аж. Учир нь гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо тийш “хөтлөв” бололтой. Нэг ёсондоо ЭМДС “улайж”, улсын эмнэлгүүд эхнээсээ санхүүжилтээ цаг хугацаандаа авч чадахгүйд хүрээд буйгаа хэлсэн.
ЭМДЕГ-аас гаргадаг статистик эмхэтгэлд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 13 хүртэл ЭМДС-гаас эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхэд 804.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Эрүүл мэндийн салбарын өмнөх онуудын бүтэн жилийн төсөвтэй дүйх хэмжээний мөнгийг ЭМДЕГ ердөө тавхан сарын дотор зарлагадсан нь энэ. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд салбарын нийт зардал жилд дунджаар 800, 900 тэрбум төгрөгөөс хэтэрч байгаагүй. Тэгвэл 2022 он дуусахад дээрх тусламж, үйлчилгээний 804.2 тэрбумын зардал энэ эрчээрээ хоёр дахин нэмэгдэх нь тодорхой байна. Жил бүр зөвхөн тусламж, үйлчилгээний зардалд л гэхэд энэ мэтээр хэдэн их наядаар нь “хаях” хэмжээний санхүүгийн чадамжтай улс бил үү, манайх. Хэрэв ЭМДС-гийн орлого, зарлага тэнцвэртэй байх аваас энэ нь боломжгүй зүйл ч биш л дээ. Гэвч орлогоосоо давсан зардлыг яг ийм байдлаар цацсаар байвал дээр хэлсэнчлэн ЭМДС өнөө, маргаашгүй модоо барихдаа тулах нь. Үүнийг илтгэх баримтуудыг дэлгэе.
ЭМДЕГ стратегийн худалдан авагчийн хувьд эмнэл зүйн үр дүнтэй, эдийн засгийн үр ашигтай, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг худалдан авч, иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилготой. Үүний тулд ЭМДС байнгын орлоготой, зардлаа цаг тухайд нөхдөг байх нь чухал. Тэгвэл тус санг ингэж ажиллуулж чадаж байгаа болов уу.
ЭМДС-д өнгөрсөн онд 951.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тодотгосноос их наяд 75 тэрбумыг хуримтлуулж, үүргээ 113 хувьтай давуулан биелүүлсэн гэж ЭМДЕГ-ынхан “Эрүүл мэндийн даатгалын сангийн үзүүлэлт 2021” судалгаандаа дурджээ. Харин Үндэсний статистикийн хорооныхны өгсөн мэдээллээр ЭМДС-гийн нийт орлого өнгөрсөн онд 985.7 тэрбум төгрөг байна. Тус хоёр байгууллагын уг мэдээллээр даатгалын сангийн орлого ийнхүү 89.3 тэрбум төгрөгөөр зөрж буй нь хачирхалтай. Ямартай ч тус онд даатгалын сангийн зардал 1.3 их наяд давчихаад буй. Үүнээс үзвэл ЭМДС өнгөрсөн онд багадаа л 300 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн үг. Даатгалын сангийн төсвийг өдгөө зургаан эх үүсвэрээс буюу аж ахуйн нэгжээс, ажиллагсдаас, төсөвт байгууллагаас, улсын төсвөөс, бусад даатгуулагч, нэмэлт, гадаад санхүүжилт гэсэн бүтцээс тус тус бүрдүүлж байгаа аж. Үүнээс улсын төсвөөс 60 орчим буюу дийлэнх хувийг нь бүрдүүлж байна.
Эрүүл мэндийн зардлыг энэ мэтчилэн тэлээд байвал санхүүжилт нь улам л хүндрэх төлөвтэйг судлаачид шүүмжилсээр байгаа. Эрүүл мэндийн системийг бүхэлд нь бэхжүүлэхгүй бол төсөв, санхүүжилтийг нь хэд дахин нэмээд ч өөрчлөлт гарахгүй аж. Учир нь ЭМДС-гийн санхүүгийн эх үүсвэрүүд хүссэнээр “ундардаггүйг” бид дээрх судалгаануудаас харлаа. Угаас манай улсын эрүүл мэндийн салбарын зардал нээлттэй, орлого нь хязгаартай. Тиймээс ЭМДС-д төвлөрч буй улсын төсөв, даатгалын шимтгэлийн орлого, гадаад эх үүсвэр, бусад хувийн хэвшлийнхний санхүүжилтийг хянах замаар төрийн мөнгийг зөв хуваарилж, ашиглахгүй бол горьгүй нь.
Харамсалтай нь, эрх баригчид эмнэлгийн аливаа тусламж, үйлчилгээг даатгалд хамруулж, хөнгөлөлт үзүүлж л байвал асуудлыг шийдлээ хэмээн явцуу ойлгож, ганц байгаа эрсдэлийн сангаа дампууруулахад тун ойртжээ. Үнэн хэрэгтээ эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого салбарын нийт санхүүжилтийн ердөө 20-хон хувийг бүрдүүлдгийг иргэд, олон нийт төдийлөн мэддэггүй. Иргэд эмнэлгийн үйлчилгээнд мөнгө төлөхгүйн тулд төсөв, даатгал хүрэлцээтэй байх л асуудал юм. Гэтэл орлого, зарлага тэнцэхгүй байгаа энэ үед салбарын зардлыг огцом тэлэх бодлого явуулж буй нь эсэргүү гэлтэй. Эдгээрээс хамгийн чухал нь эрүүл мэндийн ямар үйлчилгээг төлбөртэй, алийг нь үнэгүй байлгахыг эдийн засгийнхаа чадамжид тулгуурлан шийддэг олон улсын жишгээс бид суралцах хэрэгтэй аж. Тэгэхгүй бол эрүүл мэндийн салбарын өнөөгийн үрэлгэн тогтолцоо ЭМДС-г, ирээдүйд улсын төсвийг “залгих” хэмжээнд хүрч ч мэдэх аюултай гэнэ. Мэдээж иргэд даатгалынхаа үр шимийг хүртэж эхэллээ хэмээн өдгөө талархан ярьж, бичиж байна. Гэвч алсдаа даатгалын сан дампуурчихвал, төрөөс эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлж хүчрэхээ боливол иргэд л хохирно.
Эмнэлгүүд ч эхнээсээ өвчтөний эрэлд хатаж, тэднийг “мөнгөний нүдээр” хардаг болчихсон. Хөгшчүүлийг үзвэл цалингүй шүү дээ гэж хүртэл хоорондоо шивнэлддэг болж. Улсын томоохон эмнэлгүүд санхүүжилтгүй хэмээж, өвчтөнүүд одооноос төлбөрөө төлж хэвтэн эмчлүүлж байна. Өндөр өртөгтэй зарим эмчилгээ, үйлчилгээний энэ оны дугаар, дараалал хэдийн дуусчихсан, мөнгөө төлөөд эмчлүүл гэхчлэн эмч нар үйлчлүүлэгчийнхээ эсрэг “гэдийгээд” эхэлжээ. Улсын эдийн засгийн чадамж, хүртээмжийг тооцолгүй хам хум эхлүүлсэн дээрх шинэчлэл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 01, 02, 03 дугаар тогтоол салбарын амин сүнс болсон санхүүжилтийн механизмыг ийнхүү “эвдэн сүйтгэж” байгаад мэргэжлийн олон хүн толгой сэгсэрч суугаа нь харамсалтай.