Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Стратеги удирдлагын хэлтсээс “Гүйцэтгэлийн санхүүжилт ба эмнэлгийн орны ашиглалт” сэдвээр мэдээлэл солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн газар, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ЭМЭЗБСА, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, болон АХБ-ны зөвлөх Ц.Уранчимэг, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа нар оролцов.
Уулзалт хэлэлцүүлгээр улсын хэмжээнд ашиглаж байгаа төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн ор төлөвлөлтийн талаар мөрдөгдөж байгаа эрх зүйн орчин, эмнэлгийн орны фонд ашиглалт болон санхүүжилтийн байдлыг сүүлийн 3-5 жилийн байдлаар хэлэлцэв.
Өнөөгийн байдлаар Монгол улсын хэмжээнд 27083 эмнэлгийн ор ашиглаж байгаа бөгөөд орны фонд ашиглалт төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 86,9 хувь, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд 71,1 хувь, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төвд 51,1 хувьтай, хувийн хэвшийн эмнэлгүүдийн хувьд 54,7 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн ор ашиглалт ийнхүү хангалтгүй байгаа нь цаашид улсын хэмжээнд хэвтүүлэн эмчлэх ор нэмэгдүүлэх “шаардлагагүй” харин тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, орыг тэргүүлэх чиглэлээр шилжүүлэн хуваарилах байдлаар тэнцвэржүүлэх саналыг хэлэлцүүлэгт оролцогчид ярилцлаа.