Цар тахлын үед дэлхийн олон оронд товлолын вакцины дархлаажуулалт тасалдсан. Тэгвэл манай улсад товлолын дархлаажуулалтыг хэрхэн зохион байгуулж буй талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаагаас тодрууллаа.
-Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин гэдэг. Манайд хэдэн төрлийн өвчний эсрэг товлолын болон улирлын дархлаажуулалтыг хийж байна вэ?
-Дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд үндэсний товлолын дагуух вакцинуудыг манай улс үнэ төлбөргүй хийдэг. Заавал хийх дархлаажуулалтад 10 гаруй халдварт өвчнөөс сэргийлэх зургаан төрлийн вакцин багтдаг. Тодруулбал, сүрьеэ, халдварт саа, гепатит В, сахуу, хөхүүл ханиад, татран, хемопелиус инфлюенза, улаан бурхан, гахайн хавдар, улаанууд зэрэг халдварын эсрэг вакциныг товлолын дагуу хийдэг. Үүн дээр нэмээд сайн дурын үндсэн дээр иргэдийг томуу, коронавирус, ротавирус зэрэг халдварын эсрэг дархлаажуулалтад улирлаар, байнга гэхчлэн хамруулж байна.
-Манай улсад төдийгүй олон улсад ч цар тахлын нөлөөгөөр товлолоор хийдэг вакцины хамрах хүрээ хумигдсаар байна. Коронавирус дэгдсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд товлолт вакцин хийх үйл явц тасалдсан уу?
-Улс орон бүрт шахам “Ковид-19”-ийн нөлөөгөөр ердийн дархлаажуулалтын хөтөлбөрүүд тасалдсан. Зарим оронд товлолын дархлаажуулалт хүртэл мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан байна. Манайд харин харьцангуй бага нөлөөлсөн. ЭМЯ-наас мэдээлснээр өнгөрсөн хугацаанд цар тахалтай байсан ч товлолт вакцинуудын хамрагдалт өдгөө 90 гаруй хувьтай хэвээр байгаа. Эрүүл мэндийн салбарынхан халдварын үед хамгийн их дайчлагдсан ч Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж, хүүхэд бүрт хүргэхийг хичээж байгаа нь сайн үзүүлэлт.
-Цар тахлын дараа дэлхий дахинд дархлаажуулалтыг ямар арга, хэлбэрээр зохион байгуулж буй юм бол?
-Шинэ коронавирусийн тархалт бүрэн намжаагүй ч дархлаажуулалтын хөтөлбөрүүдийг хэвийн хэрэгжүүлнэ гэдгийг эрдэмтэд хэлж буй. Ийм хөтөлбөрүүдийг хүн амд дархлаа тогтоох замаар тэдний эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний дэгдэлт гарахаас сэргийлэхийн тулд олон жил хэрэгжүүлсээр ирсэн. Дархлаажуулалтын хөтөлбөр тасалдах нь ирээдүйд тухайн халдварт өвчний дэгдэлт гарах эрсдэлийг л нэмэгдүүлдэг. Жишээ нь, манайд 2015-2016 онд улаан бурхан дэгдсэн. Энэ нь уг өвчний дархлаажуулалт үүнээс өмнө тасалдсантай холбоотой.
-Коронавирусийн вакцины нөөц одоо ч хангалттай байгааг ЭМЯ мэдээлсээр буй. Халдварын шинэ хувилбарууд нэмж бүртгэгдсээр байгаа энэ үед вакцин үр дүнтэй, эсэх талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юү?
-Аливаа вакциныг хүний биеийн дархлааны тодорхой хэсгүүдийг өдөөж, өвчин үүсгэгчид өвөрмөц санамж бий болгох зорилгоор бүтээдэг. Коронавирусийн вакцин олон төрөлтэй боловч вирусийн гадаргуугийн уургийг кодлох замаар л гаргаж авсан. Тэрхүү уураг нь хүний биеийн эсэргүүцлийг өдөөснөөр дархлааны санамж үүсгэдэг гэсэн үг. Уг санамж нь тухайн эмгэг төрөгч биед орж ирмэгц дархлааны урвалыг ажиллуулж, өвчинтэй тэмцэхэд тусалдаг. Хэдийгээр коронавирус мутацад орж, шинэ хувилбарууд нь бүртгэгдсэн ч вакцины нөлөө одоо ч үр дүнтэй хэвээр байгаа нь олон улсын судалгаагаар хэдийн нотлогдсон.