13 оронд тархаад байгаа сармагчны цэцэг өвчний тархалтын эсрэг манай улс ямар арга хэмжээ авах талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэл хийлээ. Тус яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан “Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тандалт хийх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийн харилцаа холбоог идэвхжүүлэх зэрэг ажлын төлөвлөгөөг гаргаж байгаа. Эхний ээлжид хилийн нэвтрүүлэх цэгийн тандалтыг сайжруулахаар төлөвлөсөн. Уг өвчний үүсгэгчээр халдварласан хүнийг хамгийн багадаа 14 хоног тусгаарлах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, тууралт бүрэн эдгэрэх хүртэл тусгаарлах шаардлагатай. Үүний хүрээнд нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, хилийн боомтынхонд мэдээлэл өгнө” гэв. Уг өвчний үед биеэр тууралт гарах, халуурах, толгой, булчин, нуруу өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Гэхдээ салхин цэцэг өвчний үед ч ийм шинж тэмдэг илэрдэг байна. Тиймээс хилийн боомтуудаар нэвтэрсэн иргэдэд эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сармагчны цэцэг өвчнийг шуурхай ялган оношлох ажлыг идэвхжүүлэх гэнэ. Үүний хүрээнд иргэдээр эрүүл мэндийн асуумж бүхий хуудас бөглүүлэх бөгөөд салхин цэцэг өвчний вакцин хийлгэсэн, эсэхийг нь тодруулах аж. ЭМЯ-наас зөвлөснөөр бол эл өвчнөөс сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих нь чухал юм байна. Хэрэв биеэр тууралт гарвал эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай гэв.a